“Тамирчдын баяр”-т урья

Хуучирсан мэдээ: 2010.06.23-нд нийтлэгдсэн

“Тамирчдын баяр”-т урья

Олимпийн наадмаас 19 медаль хүртэж, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орныхоо нэрийг спортын олон төрөлд мандуулан дуурсгасан Монголын тамирчид ирэх баасан гаригт баяраа тэмдэглэх гэж байна. Үе үеийн шилдэг тамирчдын алдар гавьяаг дурсч, спортын алдартнуудыг сурталчлах зорилготой энэ өдрийг Монгол Улсын “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-ийн 5.2, 7.1 дэх заалт, Засгийн газрын 2004 оны 163 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын 28 дахь заалт, Засгийн газрын 2009 оны 211 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “Тамирчдын өдөр, Олимпийн өдөр”, Монголын Үндэсний спортын IY их наадмын хаалтын ажиллагаатай хамтатган зохион байгуулахаар БТСГ төлөвлөжээ.
Олимп, дэлхийн аваргууд, үе үеийн шилдэг тамирчдын ёслолын парадаар эхлэх энэ өдрийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцохоороо онцлог юм. Түүнчлэн тамирчид баярынхаа өдөр урлагийн тоглолтоор бэлэг барихаар бэлтгэжээ. Энэ талаар өнөөдөр БТСГ-ын дарга Ч.Наранбаатар Спортын төв ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр танилцууллаа.  

“Тамирчдын өдөр, Олимпийн өдөр”-т зориулсан өдөрлөгийн арга хэмжээг 12.00-13.00 цагт Сүхбаатарын талбайд, “Тамирчдын урлагийн тоглолт, Үндэсний спортын IY их наадмын хаалтын ажиллагаа”-г 14.00-17.00 цагийн хооронд Улсын Драмын эрдмийн театрт тус тус зохион явуулах бол “Тамирчдын өдөр, Олимпийн өдөр”-ийг тэмдэглэх ажлын хүрээнд яам, агентлаг, газруудын ажилтан, албан хаагчид оролцсон явган аялалыг Богд хан Уулын ноён оргил “Цэцээ гүн-Манзушир хийд”-ийн чиглэлд зохион  байгуулахаар төлөвлөөд байна. Олимп, дэлхийн аваргууд, үе үеийн шилдэг тамирчин, дасгалжуулагч, спортын зүтгэлтэн, ажилтнуудын оролцох баярын арга хэмжээ Спортын төв ордноос Сүхбаатарын талбай хүртэлх хүндэтгэлийн жагсаалаар 11.30 цагт эхлэх юм.

Тамирчид Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол үүний дараа болох ба Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч. Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Б. Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар, Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Нийслэл, дүүрэг, тусгай газрын Биеийн тамир, спортын газрын дарга нар болон бусад албаны хүмүүс оролцохоор уригджээ. Энэ үеэр спорт сонирхогчид та бүхэн олимп, дэлхийн аваргууд, хүндэлж хайрладаг тамирчидтайгаа зургаа даруулж, гарын үсэг боломжтойг дуулгая. Мөн та хүсвэл үргэлж спортын тавцанд өрсөлдөж байгаа алдарт тамирчдын оролцох урлагийн гала тоглолтыг УДЭТ-ыг зорин, үзэж болох ажээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж