Зөв технологиор ашиглавал уран аюулгүй гэв

Хуучирсан мэдээ: 2014.04.08-нд нийтлэгдсэн

Зөв технологиор ашиглавал уран аюулгүй гэв

Цөмийн энергийн газрын дэргэдэх “Эрдэмтдийн зөвлөл” өнөөдөр хуралдлаа. Уг хуралдаанаар цөмийн технологийг зөв ашиглавал аюулгүй төдийгүй эдийн засгийн үр ашигтай тухай, мөн дэлхийн ураны зах зээлд тэргүүлэгч орнуудын туршлага, жишиг ямар байдаг талаар, хэдий хэмжээний мөнгөн хөрөнгийг ямар журмаар байршуулдаг талаар мэдээлэл солилцож, зөвлөмж гаргасан юм.

Эрдэмтэд шар нунтаг, ураныг хортой, хоргүй гэж мэтгэлцэх биш ахуйн хэрэглээн дэх цацрагийн тун хэмжээг нь зааж, олон нийтэд таниулах хэрэгтэй хэмээн хэллээ. Мөн манай улсад ураны орд, нөөцийн талаарх мэдээлэл хангалттай гэж эрдэмтэд тодотголоо. Гол нь уран олборлоход экологи, байгаль орчинд нөлөөлөх байдлаас нь үнэлэлт дүгнэлт өгч, олон улсын жишигтэй харьцуулж гаргах шаардлагатайг дурдав.

Академич Б.Чадраа шар нунтагийн хэрэглээний талаар тайлбарлахдаа “Нэг кг уранаас 30 тоннын багтаамжтай 70 цистернтэй тэнцүү бензиний дайтай эрчим хүчийг гаргаж авдаг. Тэгэхээр нэг кг уран гэдэг ямар их ач холбогдолтой болохыг л нийгэмд ойлгуулах хэрэгтэй. Ийм чухал, эрчим хүчний нөөцтэй зүйлийг ойлгож байж бид хөгжлийн тухай ярьж болж байна” гэсэн бол Цөмийн судалгааны төвийн захирал С.Даваа “Өнөөдрийн мэдээлэл ихээхэн ач холбогдолтой болж байна. 20 гаруй эрдэмтэд, түүнээс ч илүү тооны сэтгүүлчид ирсэн байгаа нь олон нийт цөмийн технологийн энхийн хэрэглээг илүү их таньж мэдэж байгаагийн илрэл юм” гэж онцлов.

Ураны тухай тодруулахад, анх шавар эдлэлийг пааландах, шилэн эдлэлд өнгө оруулах, гэрэл зургийг тодруулах будагч бодисонд ашигладаг байжээ. Одоо ч энэ хэрэглээ нийтлэг хэвээрээ аж. Харин цөмийн технологийн хэрэглээ өсөн нэмэгдсэн нь ураны хэрэгцээ өсөхөд нөлөөлжээ. Учир нь хөгжил дэвшлийн салшгүй хэсэг болсон энэ технологийн хэрэглээ бий болох үндэс нь уран аж.
Өнөөдөр цөмийн технологийг сансар судлал, хөдөө аж ахуй, уул уурхай, аж үйлдвэр, эмнэлэг эрүү ахуй, гоо сайхан, хөнгөн үйлдвэр гэх мэт хүний амьдралын эргэн тойронд ашиглаж байгаа юм байна.

Уран нь дэлхийн цардас бүрхүүлийн хэмжээнд алтнаас 400 дахин, мөнгөнөөс 20 дахин их тархалттай, далай тэнгис, рашаан булаг, газрын доорх ус, нүүрс болон зарим чулуулагт тодорхой хэмжээгээр агуулагдаж байдаг мөнгөлөг өнгөтэй металл аж.

Харин шар нунтаг нь ураны хүдрээс боловсруулан гаргаж авсан ураны исэл агуулсан химийн нэгдэл гэнэ. Ураны ислийн төрөл, агуулга, уусгагч уусмал, хатааж буй температураас хамаарч өнгө нь шар, улбар шар, хар ногоон, хар бараан өнгөтэй байдаг. Өөрөөр хэлбэл, ураны исэл болгон шар өнгөтэй байдаггүй, эрт үед ураныг олборлоход харагдаж байсан өнгө, шинж чанартай нь холбон шар нунтаг гэж нэрлэжээ.  
Монгол Улс ураныг шар нунтаг хүртэл боловсруулж экспортлохоор Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө тусгасан. Ураныг шар нунтаг хүртэл боловсруулах нь цөмийн түлш үүсгэх, цөмийн хаягдал бий болгох үйл явц биш юм. Тодруулж хэлбэл, зөвхөн олборлосон ураны хүдрийг баяжуулж шар нунтаг болгох үйл явц байна.

Шар нунтагийг гаргаж авахын тулд ураны хүдрийг хагалж бутлан нунтаглаж химийн аргаар боловсруулна. Ингэснээр 80 хувийн уран агуулсан шар нунтаг гаргаж авдаг. Шар нунтагийг шууд цөмийн эрчим хүчинд реакторт ашиглаж болдоггүй бөгөөд юуны өмнө хийн төлөвт хувиргана. Үүний дараа шар нунтагийг баяжуулж ураныг бий болгоно. Нэг кг баяжуулсан уран 170 тонн нүүрстэй тэнцэх хэмжээний эрчим хүч гаргадаг. Өндөр хөгжилтэй орнууд цөмийн эрчим хүчнээс татгалзахгүй байгаа нэг гол шалтгаан нь энэ аж.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж