Хэдэн жилийн өмнө энэ үеийнхэний нэгэн яруухан найрагч Б.Явуухулан зэрэг алтан үеийн гэгдэх яруу найрагч нараа сүрхий үгүйсгэн шүүмжилж улмаар олны танил болж байв. Ойрмогхон бас нэгэн мэргэн шүүмжлэгч буурал найрагч Б.Лхагвасүрэн гуайг сүрхий онилон шүүмжилж, хийрхэлтэй шүүмжээрээ олны танил болоод амжсан.
Урмыг нь мохоохоор ууцыг нь нугал гэж ардын зүйр үг байдаг. Хутгыг ирлэх тусам улам ир ордог. Хүнийг шүүмжлэх тусам басхүү ухааны бяр суудаг. Шүүмжлэл бол нийгэмд байх ёстой хурц зэвсэг. Харин саяхан “Би Монголын уран зохиолын түүхийг шинэчлэн бичнэ” гэсэн лут зорилготой, “Хүрээ хөвгүүд” бүлгийн гишүүн, яруу найрагч хийгээд хэл бичгийн ухааны доктор П.Батхуяг бас нэгэн “шуум” шүүмж бичлээ. Эх хэлнийхээ нэгхэн үгийг ч гэсэн сэргээх сэдэл санаатай, мэдээж алдаа мадагтай залуу хүний бурууг нь зөвөөр засахын оронд утга авцалдаагүй гудамжны үг хэллэгтэй гүжир шүүмжээр урмыг нь мохооно гэдэг угтаа эрдэмтэн хүний хийх ажил бус байхсан. Эрдэмтэн хүн бурууг зөвөөр зөөллөн засч, зөвийг нь зөвшөөн урам өгөх судлаач байх учиртай буюу.
Мэргэжлийн бус зохиол бичсэн хүний зохиолыг шүүмжлэхэд юун хэцүү байхав. Харин мэргэжлийн хүний бичсэн нийтлэлийг, ялангуяа яруу найрагч хийгээд яруу найргаасаа хазайн хэл шинжлэлийн ухааны доктор хүний шүүмжийг шинжлэн дүгнэхэд хийрхэлтэй зүйлс олон байна. Номын талаар бичсэн шүүмжид бодит баримтыг гуйвуулсан, сэтгэлийн хэт хөөрлөөр бүхнийг үгүйсгэсэн, судалгааны аргаас хазайсан, уянгын хэт халилтай, утга найруулгын алдаа их, зарим хувь хүн рүү хэт дайрсан, яруу найрагч хийгээд хэл шинжлэлийн эрдэмтэн хүн бичсэн гэхэд дэндүү үнэмшмээргүй утга агуулга, логикийн алдаа мадагтай олон зүйл ажиглагдаж байна. Яруу найрагч хийгээд эрдэмтэн хүн шүүмж нийтлэлээр хувь хүнийг доромжилж болно, харин шинжлэх ухааныг доромжилж болохгүй бол уу сэтгэл өвдөв.
Яруу найраг болон монгол хэл шинжлэлийн өмнө хариуцлага хүлээсэн шүүмжлэгч эрдэмтэн маань “Зохиолч хүн, эсвэл зохиолч болохоор санаархаж буй хэн нэгэн эх хэлнийхээ өмнө хариуцлага хүлээх ёстой” шүүмжээ зөв зүйтэй эхлүүлжээ. Харин цааш алдар нэр, ашиг хонжоо, улаан мөнгө, “асар баялаг түүхэн зөрчилтэй Монголчууд?”, өлзий утас ороосон энгэрийн тэмдэг, гадны сэтгэгч түүхчид, үмхий самхай, соёлгүйтэл гэх мэт авцалдаагүй утга агуулгыг оруулан бичжээ.
Мөн шүүмжлэгч маань өөрийнхөө үеийн яруу найрагч, төрийн шагналт Ц.Бавуудоржоо өлзий утас ороосон энгэрийн тэмдэгээр шагнуулсан хэмээн үгүйсгэн атаархан барьцалдаж, цаашлаад өнгөрсөн болоод одоо үеэ үгүйсгэн нэрд гарагчдын жишгээр залуу үеэ мохоох зорилгоор бичсэн шүүмжийг уншаад “Соёлгүйтэл-ИЗМ” үнэрлээд дуугай байж чадсангүй. Их мөрөн дөлгөөн эрдэмтэй хүн даруу гэдэг. Түүнээс бус яруу найрагч хийгээд хэл шинжлэлийн эрдэмтэн хүнээс “Шүүмжил-ИЗМ”, ”Хийрхэл-ИЗМ” үнэртэх учиргүйсэн.
Эрдэмтэн П.Батхуяг маань шинжлэх ухаанч шүүмж судалгаа хийн, гүжир шүүмж биш шижир шүүмж бичих эхлэл замыг зөв гаргаад, “Монголын уран зохиолын түүхийг шинэчлэн бичих” нөр их ажлаараа төрийн шагнал хүртэхдээ өлзий утас ороосон энгэрийн тэмдэг гэж бүү шүүмжлээсэй гэж хичээнгүйлэн хүсье.
Эх хэл ширхэг үгээрээ дутахаас бус, ширхэг үг эх хэлээрээ дутахгүй. Арцалдаа ихтэй нийгэмд авцалдаа утга ихтэй монгол хэлээ золиос болгохгүйн төлөө сэтгэл өвдөн шүүмж нэгийг бичсэнийг уучлан болгооно уу.