“Талын дайчдын өв соёл” үзэсгэлэн нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2014.04.08-нд нийтлэгдсэн

“Талын дайчдын өв соёл” үзэсгэлэн нээгдлээ

Монгол улсын Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн доктор Ц.Төрбат ахлагчтай судлаачид Монгол Алтай судлалын хүрээлэнтэй хамтран 2008-2010 онуудад “Монгол Алтайн баруун хэсгийн түүх, археологийн дурсгалууд II, Ховд” төслөөр олон тооны дурсгал илрүүлжээ. Судлаачид зургаан хадны оршуулгын олдвор хэрэглэгдэхүүнийг судалж, ХБНГУ-ын Райнландын Орон нутгийн холбооны харьяа Бонн дахь Ландес Музей болон Көльний Мэргэжлийн дээд сургуулийн Сэргээн засварлалт, бэхжүүлэлтийн ухааны Офенбах дахь Германы ширний музей зэрэг газруудад гурван жилийн хугацаанд сэргээн засварлаж бэхжүүлсэний дараа эх нутагтаа авчирсан байна. Ингэснээр Монголын Үндэсний Музейн үзэсгэлэнгийн танхимд “ТАЛЫН ДАЙЧДЫН ӨВ СОЁЛ” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.

Мөн тус үзэсгэлэнд МУИС-ийн багш, доктор У.Эрдэнэбат ахлагчтай судлаачдын 1997 онд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Гичгэнэ багийн нутаг Дугуй цахирын хадны оршуулгын олдворуудын эрэгтэй хүүхдийн торгон дээл, түүний хуулбар үзвэрүүд үзэсгэлэнд тавигдсан байна.

Үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын гишүүн, ССАЖ-ийн сайд Ц.Оюунгэрэл, ХБНГУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Герхард Трийдеманн, Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч, Академич Б.Энхтүвшин нар оролцлоо.

Д.БҮҮВЭЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж