Украины орос хэлээр харилцагчид Европыг дэмжиж байна

Хуучирсан мэдээ: 2014.04.08-нд нийтлэгдсэн

Украины орос хэлээр харилцагчид Европыг дэмжиж байна

Украин дахь орос хэлээр харилцагчдын дунд /Крымын ард иргэдийг оролцуулав/ явуулсан нээлттэй санал асуулгаар тэд Москвагийн эрх баригчдын яриад байгаа шиг ноцтой аюул, заналхийлэл мэдрэхгүй байгаа гэнэ. “International Republican Institute” байгууллагын явуулсан санал асуулгаар Украин дахь оросоор харилцагчдын 85 хувь, /Крым, өмнөд, зүүн хэсэг дэх/ орос үндэстнүүдийн 66 хувь нь хэлээсээ болж, ямар нэгэн дарамт шахалт, заналхийлэлд өртөөгүй гэсэн байна. Мөн Украин дахь орос хэлээр харилцагчдыг хамгаалах зорилгоор ОХУ цэргээ оруулахыг дэмжиж байна уу? гэсэн асуултанд  оролцогчдын 81 хувь нь үгүй гэж хариулжээ. Үүнээс ОХУ-тай ойр орших Украины өмнөд хэсэгт оршин суугчдын 67, зүүн хэсгийн иргэдийн 61 хувь  нь Москва цэргийн хүч хэрэглэхийн эсрэг байгаа аж.  ОХУ-ы эрх баригчид Украин дахь орос үндэстэн, орос хэлээр харилцагчдын эсрэг заналхийлэл их буй мэтээр тайлбарлаж, тэдний эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах зорилгоор цэргийн хүч хэрэглэхийг үгүйсгэхгүй байгаа билээ.

Үүгээр ч барахгүй Украин дахь орос хэлээр харилцагчид Европтой ойр харилцаатай байхыг дэмжиж буй нь санал асуулгаас харагджээ. Украин дахь орос хэлээр харицлагчдын дунд Европын холбоонд нэгдэх хүсэл сонирхол өнгөрсөн хоёрдугаар сард 41 хувиас 54 хувь болж нэмэгдсэн аж. Гэсэн ч Украины баруун, зүүн бүс дэх хуваагдмал байдал хэвээр байгаа нь ажиглагджээ. Хэрэв Украиныг Европын холбоонд нэгтгэх санал асуулга явуулбал оролцогчдын 53 хувь нь дэмжихээ илэрхийлсэн бол эсэргээрээ ОХУ-д нэгдэхийг 28 хувь нь дэмжинэ гэсэн байна.

Түүнчлэн Крымын хойгийг Украинаас салгаж, ОХУ-д нэгтгэсэн үйлдлийг санал асуулгад оролцогчдын 68 хувь нь булаан эзлэлт гэж дүгнэсэн байна. Үүнээс зүүн хэсгийн оршин суугчдын 40 хувь, өмнөд хэсгийн иргэдийн 48 хувь нь ОХУ-ын үйлдэл Украиныг хувааж, тусгаарт тогтнолд нь заналхийлсэн үйлдэл гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Мөн Крымын хойгийн улстөрийн статусын талаарх санал асуулгад баруун бүсийн оролцогчдын 91 хувь, төв 85, өмнөд 57, зүүн 52 хувь нь Украины харъяа хэвээр үлдэх ёстой хэмээсэн аж. Энэ нь Крымын хойгийн иргэдийн 97 хувь нь ОХУ-д нэгдэхийг дэмжсэн гэх мэдээлэлтэй зөрчилдөж буй юм.

Санал асуулгыг өнгөрсөн гуравдугаар сарын 14-26-ны хооронд /Крымын хойгийг оролцуулан/ Украины бүх бүсийн байнгын оршин суугчдаас санамсаргүйгээр 1200 хүнийг сонгож оролцуулсан байна. Санал асуулгад 18-аас дээш насны хүмүүс оролцуулсан аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж