Сайд нарт албан бичиг хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2014.04.08-нд нийтлэгдсэн

Сайд нарт албан бичиг хүргүүллээ

УИХ дахь МАН-ын бүлгээс "давхар дээл"-тэй 17 сайдад санал хураалтад оролцохгүй байхыг сануулсан албан бичгийг өнөөдөр хүргүүлжээ. Энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн хуралдаанаар сайд нарын "давхар дээл"-ийг тайлах хуулийн төслийг хэлэлцэх бөгөөд уг санал хураалтад Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж байгаа УИХ-ын гишүүд оролцох нь тэдний ашиг сонирхолтой шууд холбоотой гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзэж байгаа аж. 

Албан бичигт,  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтуудыг мөрдөхийг сайд нарт анхааруулжээ. Түүнчлэн сайд нарыг ямар шийдвэр гаргахыг ард түмэн харж, хүлээж байгааг ч сануулсан байна.  МАН-ын бүлгийн зүгээс энэ асуудлаар судалгаа явуулахад судалгаанд оролцсон дөрвөн хүн тутмын гурав нь УИХ-ын гишүүд эрх мэдлийн "давхар дээл"-ээ тайлах нь зөв гэж үзжээ. Мөн судалгаанд оролцогсдын 77.9 хувь нь ашиг сонирхлын зөрчил үүсэх учраас "давхар дээл"-тэй одоогийн 17 сайд санал хураалтад оролцох ёсгүй гэжээ. Тиймээс сайд нарыг Монголын ард түмний санал хүсэлт болон хуулиар хүлээсэн үүргээ сахин биелүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газрын тухай,  Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр санал хураалтад сайн дураараа оролцохгүй байхыг онцолжээ.  Мөн  сайд нар уг хуулийн төслийн санал хураалтад оролцох нь ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй гэж үзэж байгаа бол хууль зүйн үндэслэл бүхий тайлбараа гаргаж, олон нийтэд мэдээлсний дараа санал хураалтад оролцох ёстойг гэж  дурьджээ.


Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж