Монгол залуу Тайландын загварт цахиур хагалж байна

Хуучирсан мэдээ: 2014.04.08-нд нийтлэгдсэн

Монгол залуу Тайландын загварт цахиур хагалж байна

Монголын загвар өмсөгч бүсгүйчүүд дэлхийн өнцөг булан бүрт ур чадвар, гоо үзэсгэлэнгээ гайхуулсаар байгаа. Харин эрэгтэй моделиудын хувьд олон улсын тавцанд гарсан нь тийм ч олон биш. Тэгвэл олон улсын супер модель Б.Билгүйтэй хэмээх залуу Тайландын загварын ертөнцөд цахиур хагалж байгаа ажээ.

Тэрбээр хамгийн сүүлд Тайландын гар утасны хамгийн том операторын нүүр царай болжээ. Тэрбээр энэ удаа 60 гаруй эрэгтэй моделиос ганцаараа шалгарч “True” корпорацийн удахгүй худалдаанд гаргах Samsung Galaxy S5 гар утасны телевизийн рекламанд тоглосон байна. Харин түүний хамтрагчид нь Хятад болон Тайландын шилдэг загвар өмсөгч бүсгүйчүүд байжээ.

“True” нь Тайландын хамгийн олон хэрэглэгчтэй гар утасны оператор бөгөөд монгол залуугаар нүүр царайгаа болгосон уг сурталчилгаа нь ирэх тавдугаар сарын сүүлчээр олон нийтэд цацагдах юм байна. Б.Билгүйтэй энэхүү рекламны өмнө Хятадын загвар өмсөгчдийн хамт “Миранда” ундааны сурталчилгаанд мөн тоглож байжээ.

Тэрбээр өнгөрсөн хавар Банкокийн их сургуулийг вэб дизайнераар төгссөн бөгөөд суралцаж байх хугацаандаа загварын мэргэжилтнүүдийн хараанд өртөж, алдартай агентлагуудад гэрээгээр загвар өмсөх болсон байна. Гэвч монголчуудын хувьд төдийлөн танил биш тэрбээр Олон улсын шилдэг эрэгтэй загвар өмсөгч шалгаруулах “Manhunt international 2012” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, шилдгээр шалгарснаар нутаг нэгтнүүдийнхээ эчнээ танил болжээ.

Мөн тэрбээр өнгөрсөн оны сүүлчээр Тайландын алдарт дуучин Намчагийн “Би чамайг нүцгэлмаар байна” дууны клипэнд тоглосон бөгөөд тэрхүү клипийг нь нэг өдрийн дотор 50 мянган хүн үзэж, Тайландад рекорд тогтоож байсан байна.


Д.БҮҮВЭЙ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж