
Г.Мэндхүү өнгөрсөн оны хоёрдугаар сарын 13-ны орой Чингэлтэй дүүргийн нутагт байрлах “BSB сервис” ХХК-ийн кассын нярав М-ыг “захирал үлдэгдэл мөнгөө аваад хүрээд ир гэж байна” хэмээн ажлаас нь гаргаад, 04-52 УБЭ улсын дугаартай, “Делика” загварын машинд суулган “Tedy” төвийн урд аваачин, ороолтоор хоолойг нь боож, харгис хэрцгийгээр амь насыг нь егүүтгэсэн аймшигт хэрэг гарсан. Дээрх хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх гуравдугаар сарын 29-ний өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд Г.Мэндхүүд цаазаар авах ял оногдуулсан юм. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Мэндхүүд холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлын дагуу хянан хэлэлцсэн юм. Нийслэлийн шүүх уг хэргийг өнгөрсөн сарын 18-ны өдөр давж заалдах шатны хуралдаанаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс Г.Мэндхүүд оногдуулсан цаазаар авах ялыг хэвээр үлдээлээ.
Б.Цолмон