
Мөн “Оюутолгой”-н далд уурхайн санхүүжилттэй холбоотой асуудлаар бүлгийн гишүүд санал бодлоо илэрхийлжээ. Энэ асуудалд Засгийн газар нягт, хянамгай хандах ёстой гэж тус бүлгээс үзсэн бөгөөд "Шудрага ёс" эвслийн бүлгийн гишүүд ойрын хугацаанд “Оюутолгой” уурхайд өөрсдийн биеэр ажиллахаар болсон байна. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн бас нэгэн асуудал нь "Давхар дээл"-ийг дан болгох хуулийн төсөл аж. "Шудрага ёс" эвслийн бүлгийн зүгээс Ерөнхийлөгчийн санаачилсан уг хуулийн төслийг дэмжинэ гэдэг байр сууринд дахин нэгдсэн байна. Энэ хуулийг хэлэлцэж, батлах ёстой гэж бүлгийн гишүүд үзжээ. Үүнээс гадна УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тогтоолын төслийг энэ долоо хоногт өргөн барьсан. Уг асуудлаар маргааш "Шудрага ёс" эвслийн бүлэг хуралдаж, тодорхой шийдвэр гаргахаар болжээ.