“Гашуун сухайтын төмөр зам” компанийг байгууллаа

Хуучирсан мэдээ: 2014.04.08-нд нийтлэгдсэн

“Гашуун сухайтын төмөр зам” компанийг байгууллаа

“Гашуун сухайтын төмөр зам” хамтарсан компанийг 2014 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр албан ёсоор үүсгэн байгуулж, талууд гэрээнд гарын үсэг зуржээ.

Монгол Улсын Засгийн газраас нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны тэнцвэрийг сайжруулах зорилгоор  Гашуун сухайтын боомтыг БНХАУ-ын Ганцмод боомттой холбосон нарийн төмөр зам барьж, ашиглах зорилго бүхий “Гашуун сухайтын төмөр зам” ХХК-ийг холбогдох аж ахуйн нэгжүүдтэй хамтран байгуулах, хөрөнгө оруулах замаар тодорхой тооны хувьцаа эзэмшихийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн юм.  Засгийн газрын шийдвэрт заасанчлан, хамтарсан компанийн 51 хувийг Монголын талын “Эрдэнэс-Тавантолгой” ХК, Энержи ресурс ХХК, “Тавантолгой” ХК хамтран эзэмших бол үлдсэн 49 хувийг БНХАУ-ын “Шэньхуа” компани эзэмших аж. Шийдвэрийн хүрээнд компаниуд тус тусын ногдох хувь эзэмшлийн хэмжээгээр эхний ээлжийн хөрөнгө оруулалтыг хийх юм байна. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь “Хамтарсан компаниуд төслийг амжилттай эхлүүлэхээ илэрхийлж байна. Энэхүү төмөр зам нь богино хэдий ч өндөр ачаа эргэлттэй, хоёр орны хийгээд Монгол Улсын эдийн засагт онцгой үүрэг гүйцэтгэх юм” гэдгийг гэрээг үзэглэх үеэр онцолсон юм.


Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж