Ийнхүү дуу алдсан нь МЗЭ-ийн гишүүн “Алтан өд” шагналт яруу найрагч Ганболдын Баярын “Тэнгэрийн сүм-Эх орон” тоглолтыг үзсэнтэй холбоотой.
Өнгөрсөн сарын 31-нд болсон тус тоглолтыг түүний уран бүтээлийн найзууд болох Монголын залуу зохиолчдын нэгдэл, “Яруу сэтгэгч” ТББ-ын хамт олон зохион байгуулжээ. Үзэгчдийн нижигнэсэн алга ташалт, хайр энхрийлэлийн дор болж өнгөрсөн тус тоглолтод Ардын жүжигчин Самбуу, МУГЖ Г.Батбаяр, Н.Төмөрхуяг, Чаминчулуун, дуучин ноён Бондогор, “Uvertura” хамтлаг, Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудорж, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч А.Эрдэнэ-Очир зэрэг ард түмнийхээ дунд нэр алдар нь цуурайтсан уран бүтээлчид оролцсон юм. Мэдээж яруу найрагч Г.Баяртай нэгэн үед уран бүтээлээ туурвиж яваа дуучин, яруу найрагч залуус бас оролцож, чин сэтгэлийнхээ үгийг хэлж байлаа.
Яруу найрагч Г.Баяр 2004 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэнээсээ хойш “Би хэмээх”, “Дөрвөн нүдтэй дэлхий”, “Азиза”, “Танихгүй цэцгийн үр” гэсэн дөрвөн түүвэр хэвлүүлж “Миний аавын цагаан овоо”, “Бурхан залуу нас”, “Дүү минь”, “Чамд амжилт хүсье”, “Тунсаг гоо” зэрэг олон хит дууны шүлгийг бичжээ. Дөрвөн цаг гаран үргэлжилсэн тус тоглолтод түүний олон бүтээл дуулагдалгүй, уншигдалгүй үлдсэн гэдгийг сонсоход “Г.Баяр бол хөгжлийн бэрхшээлтэй бус илүүдэлтэй уран бүтээлч” гэж утга зохиолч судлаач, шүүмжлэгч П.Батхуягийн хэлсэн үг өөрийн эрхгүй бодогдож байлаа. Тэр үнэхээр “хөгжлийн илүүдэлтэй” хүн ажээ. Бие цогцосын хувьд цоо эрүүл, хийсэн бүтээсэн олигтой зүйлгүй мөртлөө бусдыг шүүмжлэх, бэлэнчлэх сэтгэлгээ нь давамгайлчихсан сүүлийн үеийн залуусын дэргэд шүү дээ.
Учир нь тэр өнгөрсөн 17 жилийн туршид тэргэнцэр дээр амьдарч, дэлхийн анагаах ухаан бүрэн эмчилж чадахгүй байгаа булчин сулрах гэдэг өвчнөөр шаналж байгаа. Гэсэн ч түүний сэтгэн бодох, урлан бүтээх, үлгэрлэн харуулах их чадвар/авъяас төрдөг/ олон олон бүтээлийг төрүүлсээр байна. “Итгэл хамгийн сүүлд мөхдөг” гэдэг алдарт үг шиг сэтгэл байвал юуг ч бүтээж болдогийг Г.Баяр харуулж чадлаа.