МАН Засгийн газарт хариуцлага тооцно гэв

Хуучирсан мэдээ: 2014.04.07-нд нийтлэгдсэн

МАН Засгийн газарт хариуцлага тооцно гэв

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр гурван асуудлыг онцлон хэлэлцсэн бөгөөд эдийн засаг хямарсан гэж дүгнэж, Засгийн газрын гишүүдийн “давхар дээл”-ийг яаравчлан тайлахыг хүсч, төсөв авлигажсан эсэхэд эргэлзсэнээ танилцууллаа.

Эдийн засгийн хямралаас яаралтай гарах ёстой гэв

Монгол Улсад эдийн засгийн хямрал нүүрлэсэн байна гэдэг дээр МАН-ын бүлгийн гишүүд санал нэгдсэн байна. Эдийн засаг хүндрэлтэй байна гэсэн дүгнэлтүүдийг өмнө нь гаргаж байсан бол одоо Монголын эдийн засаг хямарсан гэсэн дүгнэлт гаргасан байна. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх УИХ-ын тогтоолын төсөл өнөөдөр өргөн барьсан. Харин ард иргэдийнхээ амьдралыг яаж сайжруулах, ажилгүйдэл, ядуурлыг хэрхэн бууруулах вэ гэдэг асуудлыг түлхүү ярих цаг болсон гэж бүлгийн дарга С.Бямбацогт онцоллоо. Тэрээр "Нэг жилийн дотор бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 20 хувиар нэмэгдсэн. 2012 онд ядуурлын төвшин 27 хувьтай байсан бол одоо 40 хувь руу дөхөж байна. Иргэдийн бодит орлого нэмэгдээгүй, нийгэмд баян хоосны ялгаа улам ихэсч, орлогын тэгш бус байдал газар авч, эдийн засаг хямралт байдал руу шилжлээ" гэв. Тиймээс МАН-ын бүлгийн зүгээс эдийн засгийн хямралаас гарах талаар УИХ-д асуудал тавихаас гадна хямралаас яаралтай гарах арга замыг УИХ хийх ёстой гэдэг дээр гишүүд санал нэгджээ.

“Давхар дээл”  тайлахыг яаравчлана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлгийн авсан завсарлага одоо болтол хугацаагүй үргэлжилж байгаа билээ. МАН-ын бүлэг уг хуулийн төслийг хаврын чуулганы эхэнд үргэлжлүүлэн хэлэлцэж шийдвэрлэх ёстой гэдэгт санал нэгджээ. Энэхүү хуулийн төслийг дэмжиж баталснаар төрийн тогтолцоог сайжруулан төгөлдөржүүлэх, ирц бүрдэхээ больсон УИХ-ын байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдааны хэвийн үйл ажиллагаа хангагдах, УИХ, Засгийн газрын тэнцвэрт байдлыг хадгалах, төрийн эрх барих, гүйцэтгэх засаглалын ажил үүргийн хуваарийг зааглана гэж үзлээ. Мөн "давхар дээл"-ийг дан болгосноор Засгийн газрын үйл ажиллагаанд тавих УИХ-ын хяналт сайжрахаас гадна ухаалаг төрийн суурь болно гэж МАН-ын бүлгийн гишүүд онцоллоо. Энэ хуулийн төслийг дэмжиж батлах ёстой гэсэн шаардлагыг ард иргэд, улс төрийн намууд, иргэний нийгэм, төрийн бус байгууллага гэх мэт нийгмийн бүхий л төлөөллөөс тавьж, санал хүсэлтээ илгээж, байр сууриа илэрхийлж байгаа учраас МАН-ын бүлэг онцгой анхаарах ёстой гэж үзэв. Уг асуудлыг нэгдсэн чуулганаар хэлэлцэх үед УИХ, Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж байгаа 17 сайдыг Ашиг сонирхлын тухай хуулийн дагуу санал өгөх эрхгүй гэж МАН-ын бүлэг үзэв. Тиймээс Ашиг сонирхлын тухай хуулийн зүйл, заалтыг сануулсан захидал, сануулга илгээхээр боллоо.  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 9.1.6-д "Гишүүн шийдвэр гаргах асуудлаар өөрийн болон гэр бүлийн гишүүний хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтад оролцохоос сайн дураар татгалзах бөгөөд энэ тухайгаа хурал даргалагчид урьдчилан мэдэгдэнэ", мөн хуулийн 9.1.7-д "Энэ хуулийн 9.1.6-д заасны дагуу гишүүн санал хураалтад оролцохоос татгалзсан бол түүнийг тухайн санал хураалтын ирцэд оруулахгүй" гэж тус тус заасан байна. Хуулийн төслийг  МАН-ын бүлэг "давхар дээл"-ийг дан болгох хуулийн төслийг 2014 оны долдугаар сарын 1-нээс эхлэн мөрдөх ёстой гэсэн байр суурьтай байна. "

Төсөв авлигажсан эсэхийг аудит баталж чадсангүй

МАН-ын бүлгийн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд “0” дүнтэй тусгагдсан 243 төсөл арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан шалтгааныг нарийвчлан тогтоосон талаарх Үндэсний аудитын газрын дүгнэлтийг авч хэлэлцлээ. Дүгнэлттэй холбогдуулан Монгол Улсын ерөнхий аудитор А.Зангад бүлгийн гишүүдийн асуултад хариулт өгчээ. Тэрээр 2014 оны төсөв авлигажсан эсэх, 243 объектын хэдийнх нь төсөвт өртөг хэтэрсэн бэ гэж асуусан бүлгийн гишүүдийн асуултад тодорхой хариулт өгч чадсангүй. Өөрөөр хэлбэл, энэ оны төсөвт "0" дүнтэй тусгагдсан 243 объект авлигажсан эсэхийг Үндэсний аудитын газар нотолж чадаагүй бөгөөд үүнийг нотлох боломжгүй гэдгээ ч ерөнхий аудитор А.Зангад хэлжээ.  Мөн Үндэсний аудитын газарт царцаасан объект, төсөл, арга хэмжээний төсөвт өртөг удааширсан, нэмэгдсэн шалтгааныг тогтоох үүргийг УИХ-аас өгсөн. Гэтэл тус байгууллага тухайн объектуудыг ангилж, заримыг нь энэ жил, заримыг нь ирэх жил, заримыг нь битгий санхүүжүүл, зориулалтыг өөрчилж худалд гэх мэтээр хуулиар олгосон эрх мэдлээс нь хэтэрсэн дүгнэлт гаргах ёсгүй гэж гишүүд үзлээ. Хуульд заасны дагуу Засгийн газар энэ талаар саналаа оруулж ирсний дараа УИХ аль объектыг хойшлуулахаа мэдэх ёстой гэж гишүүд байр сууриа илэрхийлэв. Тиймээс Үндэсний аудитын газар авлигажсан төсвийг илрүүлэх УИХ-аас даалгасан үүргийг бүрэн биелүүлж чадсангүй гэж МАН-ын бүлгийн гишүүд дүгнэснийг бүлгийн дарга онцолсон. Иймд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг "авлигажсан төсөв" гэдэг үгээ буцаах, эдгээр объект авлигажсан эсэхийг Авлигатай тэмцэх газраар шалгуулахыг шаардахаар болжээ. 2014 төсвийн төслийг хэлэлцэх үед Д.Оюунхорол гишүүнээр ахлуулсан бүлгийн ажлын хэсэг төсвийн тодотголыг хариуцан ажиллах юм байна. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж