Эдийн засаг хямарсан
Монгол Улсад эдийн засгийн хямрал нүүрлэсэн байна гэдэг дээр МАН-ын бүлгийн гишүүд санал нэгдсэн байна. Эдийн засаг хүндрэлтэй байна гэсэн дүгнэлтүүдийг өмнө нь гаргаж байсан бол одоо Монголын эдийн засаг хямарсан гэсэн дүгнэлт гаргасан байна. Гэвч эрх баригчид үүнийг мэдрэхгүй, Эдийн засгийг эрчимжүүлэх төслийг УИХ-д өргөн барьж байна. Бодит байдал дээр ядуурлыг нэмэгдүүлэхгүй, ажилгүйдлийг бууруулах асуудлыг ярих цаг болсон гэдгийг МАН-ын бүлгийн дарга онцоллоо. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “2012 онд 27 хувьтай байсан ажилгүйдлийн түвшин одоо 40 хувь болж өссөн байна. Иргэдийн бодит орлого нэмэгдээгүй мөртлөө зарлага нэмэгдсэн байна. Нийгэмд баян, хоосны ялгаа нэмэгдэж байгаа цаг үед МАН эдийн засгийн байдлыг хямралтай байдалд орсон гэж дүгнэж байна” гэв. УИХ-ын чуулганы завсарлагаанаар МАН-ын бүлгээс эрдэмтэд, судлаачдаас санал авсан, иргэдийн байр суурийг сонссоны үндсэн дээр эдийн засаг хямарсан гэсэн дүгнэлтийг тэд гаргажээ. Тиймээс МАН-ын бүлгийн зүгээс эдийн засгийн хямралаас яаралтай гарахыг УИХ-д асуудал дэвшүүлэхээр болжээ. Харин асуудлаа шаардлага, тогтоолоор хүргүүлэх үү гэдгээ эргэн ярилцахаар боллоо.
Үүний дараа тус бүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан “давхар дээл”-ийн талаархи хуулийн төслөөр намрын чуулганы өмнө АН-ын бүлэг завсарлага авсан. Тиймээc энэ завсарлагын хугацаа дуусч байгаа бөгөөд энэ пүрэв гаригт заавал хэлэлцэх ёстой гэж тус бүлэг үзлээ. Энэ төслийг хойшлуулахгүйгээр хэлэлцэх ёстой бөгөөд хугацааг нь энэ оны долдугаар сарын 1-ээс хэтрүүлэхгүй гэдэг дээр МАН-ын бүлгийн гишүүд санал нэгджээ. Мөн энэ “давхар дээл” тайлах төслөөр санал хураахад Засгийн газрын 17 гишүүн оролцохгүй байх ёстой гэсэн шаардлагыг төсөл хэлэлцэх үеэр МАН-ын бүлгээс тавихаар болжээ.
МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар 2014 оны Төсөв батлах үеэр 740 тэрбум төгрөгийн санхүүжилттэй барилга байгууламжийн төслийг царцаасан. Энэхүү царцаасан төсөвт нийт 740 тэрбум төгрөг шаардлагатай байсныг УИХ-аас дахин нятлах, хугацаа, төсөв хэтэрсэн барилгуудад Аудитын шалгалт хийсэн билээ. Тиймээс аудитын шалгалтын дүнг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд энэ дүгнэлтийн талаар Аудитын ерөнхий газрын даргын мэдээллийг сонссон байна. Энэ төсөвт авлигажсан төсөл алга байна гэдгийг Аудитын ерөнхий газрын дарга мэдээлсэн учраас 240 орчим төсвийг цааш үргэлжлүүлэн санхүүжүүлэх ёстой гэж МАН-ын бүлэг үзсэн байна. Авлигажсан гэдгийг нь тодорхой болгохыг санал болгохоор болсон байна. Мөн УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоор ахлуулсан ажлыг хэсэг байгуулж, ажиллахаар болсон байна.