Үнэндээ тухайн нам хэдэн мянган гишүүнтэй байх нь хэнд хэрэгтэй гэж. Намын гишүүн болсноор юу өөрчлөгдөнө гэж, бүү мэд. Ямартаа ч намууд гишүүнчлэлийн хойноос хөөцөлдсөн хэвээр, залуус ч нам дагалгүйгээр ажиллаж амьдарч чадахаа байчихсан мэт ийм тогтоц амь бөхтэй орших ирээдүйтэйг өнөөдөр Ардчилсан намынхан дахин баталлаа.
Тэд намын баяраараа зүгээр байж чадсангүй, 100 залууг намдаа элсүүлэв. Сүржин хамгаалалт, гоё зангиа өмссөн залуус, чухал царайлан хамгийн идэвхитэй ажиллаж байгаагаа харуулах гэсэн сайн дурын залуустайгаар, хэвлэлийнхэнд яриа өгөх цаанаас төлөвлөсөн шинэ гишүүдтэйгээр гишүүнчлэлийн арга хэмжээгээ ч хийлээ.
Энэ үеэр тус намын нарийн бичгийн дарга Ц.Оюундарь “өмнө нь бол намын шинэ гишүүд юу л хийхэд бэлэн залуучууд байв. Харин одоо бол намд шинээр элсэж байгаа гишүүд компаничилсан байдлаар, ер нь гишүүнээр элсчихье гэх байдлаар элсдэг болсон” гэв.
Уг нь үүнийгээ мэддэг юм бол Ардчилсан нам гишүүнчлэлийн энэ мэт сүржин арга хэмжээнээс татгалзчихаж болмоор. Гэвч яг өөрсдийн шүүмжлээд байдаг намынхаа хуучин бүхнийг, хэлбэрийг, гишүүнчлэлийн араас хөөцөлддөг байдлыг дуурайсаар.
Энд буй зураг бол өнөөдрийн элсэж буй гишүүдийн үнэмлэхийг дүүргэсэн цэнхэр тор. Тэр нэг гишүүнээр элссэн гэсэн үнэмлэх цэнхэр торноос цээжний халаасанд орсноор юу өөрчлөгдөнө гэж. Ямар ялгаа байна.