
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо ирэх хоёр жилд хамтран ажиллах гэрээг өнөөдөр байгуулжээ. Гэрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнх, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар төлөөлөн гарын үсэг зурсан байна. Ингэснээр Төрийн хяналт, шалгалтын тухай, Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай болон Нийгмийн даатгалын багц хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хамтран хяналт тавих ажээ.
Түүчнлэн энэ сараас Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Барилга байгууламжийн чанар-Хөдөлмөрийн аюулгүй байдал” сарын аяныг зарласан. Энэ чиглэлээр хийж байгаа бүтээн байгуулалтын ажлын чанар, хөдөлмөрийн аюулгүй байдалд хяналт тавьж, засахад гэрээний дагуу хамтран ажиллах юм байна.
МХЕГ, МҮЭХ 2008 оноос хамтран ажиллаж байгаа бөгөөд хоёр жил тутам гэрээгээ дүгнэдэг бол өнөөдөр ийнхүү гэрээгээ сунгажээ.
Б.МИШЭЭЛ