
Энэхүү цэвэрлэх байгууламж нь Хан-Уул дүүрэгт баригдаж буй төрөх эмнэлэг, ахмадын эмнэлэг, архив, “ Буянт-Ухаа-1” хорооллын бохир усыг цэвэрлэх бөгөөд Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр Туул голын усны чанарыг хамгаалах, бохир усыг зохих түвшинд хүртэл цэвэрлэж, усны бохирдол багасч оршин суугчдын эрүүл мэнд сайжрах, бохир усыг 98 хувь цэвэршүүлэн гаргадгаараа байгаль орчинд ээлтэй, олон талын ач холбогдолтой аж. Мөн бохир усны органик бохирдлоос гадна азот, фосфор зэрэг бодисуудыг ялган цэвэрлэх чадалтай, байгууламжаас гарсан лагийг хатааж фильтр прессээр лагийн шахмал болгон зайлуулж бохир усыг олон улсын стандартын дагуу цэвэрлэсний дараа байгальд асгадаг бөгөөд бүрэн автомат ажиллагаатай юм байна. Бүх тоног төхөөрөмж болон агааржуулалтын систем нь бүрэн автомат удирдлагатай учраас гарч болзошгүй техникийн аливаа саатлыг байж болох хамгийн доод түвшинд бууруулж чаджээ. Цэвэрлэх байгууламж нь өвлийн улиралд хүйтний нөлөөнөөс хамгаалахын тулд сэндвичэн барилгаар битүүмжлэгдэж дулаан, гэрэлтүүлэг, цэвэр ус, галын аюулгүй байдал болон агааржуулах системээр бүрэн хангагдсан гэж гүйцэтгэгч байгууллагын мэргэжилтэнүүд хэлж буй юм.