Ууц нуруугаар яагаад өвддөг вэ? | News.MN

Ууц нуруугаар яагаад өвддөг вэ?

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Ууц нуруугаар яагаад өвддөг вэ?

Ууц нурууны өвчнийг эмчилсний дараа эмчилгээний эерэг үр дүн үзүүлсэн нь дөнгөж 50-хан хувьтай байгааг эмч нар судалгаагаар тогтоожээ. Ямар шалтгааны улмаас бүрэн төгс эмчлэгдэхгүй байгаа. Гүйцэд эмчилж эдгээж болох эмч нарын нээсэн аргуудын тухай товч өгүүлье. Нарийн мэргэжлийн эмч болон остеопат судлаачид “Ууц нуруу орчмын өвдөлт нь яг тухайн ууц нуруунаас бус өөр бусад дотор өвчний хүндрэлээс үүдэлтэйгээр өвддөг” хэмээн тайлбарлаж байна.
“Остеопат” нь манай Монголын хувьд харьцангуй шинээр бий болж буй анагаахын нэгэн салбар бөгөөд хүний бие махбодь, дотор эрхтэнийг өөр хооронд нь харилцан уялдаатайгаар цогц  хэлбэрээр эмчлэх хэрэгтэй гэж үздэг байна. Энэ чиглэлээр ч эмчилгээгээ дагнан явуулдаг эмчилгээний шинэ арга юм байна.
Тухайлбал, Хүний бие организмын нэг хэсэг өвдөж доройтсон нь  өөр эрхтэн болон биеийн аль нэг хэсэгт өвдөлт үүсгэн илэрч байдаг. Тиймээс ил өвдөлт үүссэн биеийн хэсэгт эмчилгээ хийгээд байвал зөвхөн өвдөлтийг нь л түр зуур зогсоодог байна. Эмчилгээ ийм маягаар явагдвал  өвчин улам даамжирсаар архагшиж, хүнд хэлбэрт орж эхэлдэг. Ууц нурууны өвчин  гэдэг нь яг ийм  процесс явагдаж буйн илрэл гэдэгтэй одоо хэн ч маргахгүй байх. 

Том гэдэстэй болох тусам ууц нуруу өвдөх нь ихэснэ
Нурууны өвдөлт хэт их гүзээ суух юм уу том гэдэстэй болсноос мөн шалтгаалдаг байна. Хэт их таргалж буй эрчүүд болон төрсний дараах эмэгтэйчүүдийн гэдэс томорч, үүнээсээ болж унжих явдал элбэг тохиолддог.  Хэвлийн хөндийд байрлаж буй дотор эрхтэнүүд бүгд нурууны дотоод булчингуудаас зүүгдсэн байдаг байна. Тэрхүү холбоосууд нь аажимдаа сунаж нуруунд таталт өгч эхэлдэг.  Энэ бол одоохондоо өвчин биш хэдий ч энэхүү суналт буюу гол нурууны хэсэгт бэхлэгдсэн холбоосууд нуруунд нэмэлт ачаалал өгсөнөөр ууц нуруугаар хүчтэй өвдөж эхэлдэг юм байна.

Хүн үргэлж эгц шулуун байдалд байхын тулд нурууныхаа булчингуудыг өөрийн эрхгүй үргэлж чангалж байх шаардлага гардаг. Биеийн жин ихтэй, гэдэс гүзээ томтой хүмүүст энэ нь бүр ч  хүндрэл учруулдаг учир ууц нуруугаар нь өвдөж остеохондроз, радикулит гэх мэт өвчний суурийг  тавьж, өвчлөлтийн процессийг хурдасгадаг байна. Ийм үед зөвхөн ууц нурууны өвчнийг нь эмчилбэл өвдөлт түр зуур намжих ч өвчин үүсгэж буй  жинхэнэ оношийг тогтоон эмчилгээ явуулаагүй тул удалгүй өвдөлт дахин сэргэдэг байна. Тиймээс та өөрөө биеийн жингээ зохих хэмжээнд барих нь эмчилгээний гол арга гэдгийг ойлгох хэрэгтэй юм.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж