Хил манах цэрэг ямаа самнадаг болжээ

Хуучирсан мэдээ: 2014.04.05-нд нийтлэгдсэн

Хил манах цэрэг ямаа самнадаг болжээ

Хошин юмнууд их болох нь ээ. Цэргийн алба хаахаар мордсон залуус ямаа самнаж байна гэнэ. Ийм гомдлыг иргэн Засгийн газрын харьяа 11-11 төвд ирүүлжээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Улаан-Уул сумын 0129 дүгээр ангийн цэргүүд айлд очиж ямаа самнах болжээ. Хил манах үүрэгтэй цэрэг ямаа самнаад сууж байгаа хэрэг л дээ. Хуарангаасаа бусдын зөвшөөрөлгүйгээр гарах ёсгүй цэрэг малчин айлд оччихсон ямаа самнаж байна гэхээр хэн нэгний өгсөн тушаалаар явсан байж таарна. Түүнээс толгой мэдээд ямаа самнаад сууж байвал шууд дэглүүлдэг юм байгаа биз дээ.

Ер нь тэгээд үндсэн үүргийг нь өөрчилж, ямаа самнуулж суугаа цэргийн дарга нарт дээд дарга нар нь жавтий хүртээхгүй бол ч хөлөөрөө толгой, толгойгоороо хөл хийнэ гэгч болж байх шиг. Ажил хийж байгааг нь буруутгах гэсэнгүй, гол нь хил манах хөвгүүд ямаа самнаж болж байна уу. Тэднийг ямаа самнах хойгуур эх орны торгон хил эзэнгүйдэх вий гэж эмээж сууна.

Мөн цэрэг гэхээр гар хөлийн үзүүрийн ажлын зарц мэт үздэг хандлагаа Засгийн газар ч өөрчлөхгүй бол нүүрс уутлахад цэрэг, хог цэвэрлэхэд цэрэг, ямаа самнахад цэрэг дайчлаад байвал эх орны тусгаар тогтнолын баталгаа юу болох вэ?.

Жишээ татъя, нийслэлийнхнийг Багануурын хямд нүүрсээр хангахын тулд иргэдийг сарын 600.000-700.000 төгрөгөөр цалинжуулж, төмөр замаар ирсэн нүүрсийг уутлах ажлыг 2012 оны өвөл хийлгэсэн юм. Гэвч энэ нь зардал өндөртэй туссан учраас цэргүүдийг дайчилж, 2013 оны өвөл баахан нүүрс уутлуулсан. Ерөнхий сайд нүүрс түгээлттэй танилцах сургаар нөгөө муу цэргүүдийг шинэ хувцсаар гоёж камерын өмнө сайхан харагдуулахыг хичээсэн. Санаснаар ч болж цоо шинэ хувцастай ганган цэргүүд телевизээр гарсан. Хоёр нүд нь л гялагнаад байгаа юм. Нүүрс хүрздэх бүрийд дэгдэж байгаа хар угаар уушгийг бол дуусгахаар.  Үүнийг харсан эцэг, эх нь хүүхдээ хараад зүрх нь өвдсөн гэдэг юм.

Эх орныхоо төлөө зүтгэе гэх тангараг өргөн мордсон хүү нь нүүрс уутлаад зогсож байхаар эцэг, эхийн сэтгэлд сайхан зүйл бодогдуулаагүй хэрэг. Зарим нь “Хүүг минь ингэж гарын үзүүрт зарахыг нь мэдсэн бол цэрэгт явуулдаггүй байж дээ” хэмээн гасалсан гэх нь бий. Эцэг, эхийн ингэж бодох нь түмэн зөв.  Хал үзэж халуун чулуу долоож байж эр хүн болдог гэх ч нүүрс уутлах ажлыг хийхээр цэрэгт татагдана чинээ санаагүй биз. Үүний оронд үерээс хамгаалах далан ухаж байна, барилга барьж байна гэсэн бол тэд “Миний хүү овоо ажил сурах нь дээ” гэж сэтгэл ханах байсан биз.

Монгол Улс хүнээрээ хүн хийе гэж бодож байгаа бол ядаж л цэрэгт татагдсан залуусаа ямарваа нэг мэргэжлээр сургаад, халагдаад очихдоо барилга барьчихдаг, зам тавьчихдаг болгочихвол хэрэгтэйсэн дээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж