Гадаад харилцааны сайд Л.Болд Брюссель хотноо 4 дүгээр сарын 2-нд болсон Афганистан дахь НАТО-гийн “Аюулгүй байдлыг дэмжих олон улсын цэргийн хүчний ажиллагаа” (ISAF)-нд цэрэг илгээгч орнуудын Гадаад хэргийн сайд нарын чуулга уулзалтад оролцов.
Сайд Л.Болд чуулга уулзалтад үг хэлж, НАТО-гоос Афганистанд явуулж буй үйл ажиллагааны ач холбогдол, ололт амжилт, Монгол Улсаас Афганистаны тогтвортой байдлыг хангахад оруулж буй хувь нэмрийг онцлон тэмдэглэв.
Монгол Улс 2003 оны 11 дүгээр сараас энэхүү ажиллагаанд артиллерийн сургалтын багуудыг илгээх замаар оролцож эхэлсэн ба улмаар оролцоог өргөжүүлж нисдэг тэргийн сургалт, засварын баг, цэргийн баазын харуул, хамгаалалтын баг илгээсээр ирлээ. Одоогийн байдлаар манай 350 цэргийн алба хаагч ISAF-т үүрэг гүйцэтгэж байна.
Чуулга уулзалтын үеэр сайд Л.Болд НАТО-гийн ЕНБД-ын орлогч А.Вершбоутай хоёр талын уулзалт хийж, НАТО-гийн ажиллагаанд оруулж буй Монгол Улсын хувь нэмэр, мөн Монгол Улс, НАТО хоорондын түншлэлийн хүрээнд хийгдэж буй арга хэмжээ, хамтарсан төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт болон хамтын ажиллагааны хэтийн төлөвийн талаар ярилцаж санал солилцов.
Түүнчлэн сайд Л.Болд Герман, Швед, Норвеги, Монтенегро Улсын Гадаад хэргийн сайд, Афганистаны Гадаад хэргийн дэд сайд нартай тус тус уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцав.