
Аялал жуулчлалын салбарын хөгжил эрчимжиж, улс нийслэлийн нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөө, ач холбогдол нь жилээс жилд нэмэгдэж байгаатай холбоотойгоор үйлчилгээний стандарт, бүтээгдэхүүний чанарыг олон улсын түвшинд хүргэх асуудал улам бүр чухал болж байгаа билээ. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Зочид буудлуудын холбоо хамтран зочид буудал, зоогийн газрын хангамжийн үзэсгэлэн, тэмцээнийг долоо дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.
Өмнө нь үндэсний хэмжээнд зохиогдож ирсэн зочид буудлын үйлчилгээний ажилтнуудын тэмцээнийг энэ жилээс олон улсын тэмцээн болгон өргөтгөжээ. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод олон улсын сүлжээ зочид буудал, зоогийн газрууд олноор байгуулагдан түүнийг дагаад гадаад, дотоодын өндөр мэргэжлийн үйлчилгээний ажилтнууд бэлтгэгдэж, уригдан ирж байна. Эдгээр мэргэжилтнүүдийн ур чадвар, авхаалж самбааг сорихын зэрэгцээ туршлага хуваалцах зорилгыг давхар өвөрлөсөн байна.
”Хорека Улаанбаатар” үзэсгэлэн гурван өдрийн турш Мишээл экспо төвд үргэлжилнэ.
Д.ЦЭЭНЭ