Уг уулзалтыг зохион байгуулж буй EBI хүрээлэнгийн захирал Ш.Батцэцэг ч мөн сэтгэгдлээ хэвлэлийнхэнд хуваалцсан бөгөөд “Бидний хувьд ярих юмтай, бусдад суралцуулах зүйлтэй юм байна гэдгээ ойлголоо. Мьянмарчуудын хувьд ч тун нээлттэй хүмүүс юм. Сонирхсон асуултай шууд асууж байгаа нь уулзалтын уур амьсгалыг илүү дотно болгож байлаа. Хэвлэлийн эрх чөлөөний талаар ярилцлаа. Тухайлбал, хөдөө орон нутгийн иргэдийнх хувьд дамжуулж байгаа хүчин чадлаас нь болж зөвхөн төрийн мэдлийн сувгийг л үздэг юм байна. Бидний хувьд ардчилсан хувьсгалынхаа явцыг танилцуулж, хуулийн шинэчлэл, ардчиллын үйл явцын талаар танилцуулга илтгэлүүд тавьлаа. Манай хоёр орны хувьд адил зүйл байдаг нь байгалийн их баялаг. Тус улсын иргэдийн хувьд байгалийн баялгынхаа үр ашгийг хүртэх нь битгий хэл энэ баялгаа хэрхэн тухай бодлого тодорхойлоход нь ч оролцож чаддаггүй гэж байна” гэсэн байна.
Мьянмарчууд туршлага судалж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын санаачилгаар EBI хүрээлэнгээс зохион байгуулж буй Мьянмарын сэтгүүлчдийн уулзалт-сургалт долоо дахь хоногтоо үргэлжилж байна. Иргэний танхимд болж буй уг уулзалтын үеэр “The Voice” өдөр тутмын сонингийн редактор Аонг Бобо Шингээс хоёр орны хэвлэл мэдээллийн эрх чөлөөний ялгаатай байдал, юуг нь илүүтэй сонирхож буй талаар нь тодруулсан юм. Тэрээр “Манай улсын хувьд хэвлэлийн эрх чөлөөний хуулийг маш удаан хугацаанд боловсруулсаар л байгаа. Батлагддаггүй олон жил болж байна. Сэтгүүлчдийн хувьд мэдээлэл олж авахад хүндрэлтэй, хууль шүүхийн талаар бол бичих ч эрх байдаггүй. Монголын хувьд хэвлэлийн эрх чөлөөтэй байдал нь таалагдлаа. Магадгүй төрийн удирдлагад байгаа олон хүн өмнө нь сэтгүүлч хийж байсантай холбоотойгоор хэвлэл мэдээллийг хэрэгсэлд ач холбогдол өгч үнэлдэг байх. Гэмт хэргийн тухай хуулийн төслөөс гүтгэх заалтыг иргэний журмаар шийдвэрлэдэг болох санаа нь тун зүйтэй санагдаж байна. Манай орны хувьд хэвлэлийн салбарын мэргэжилтэн бэлтгэх тогтолцоог нь олон нийт шүүмжилдэг. Төрийн сургууль нь сургалт явуулдаг бөгөөд төр бидэнд юу бичихийг заах гэж байна хэмээн дургүйцэх хүмүүс олон бий” гэсэн байна.
Б.МАНДАХ