Миний номуудын дотор Цээнзэнгийн Галбадрахын “Бадрангуй” хэмээх шүлгийн ном ороод ирчихсэн байх юм. Хэзээ өгсөн, хэзээ авснаа ч мэдсэнгүй. Уншлаа. Жинхэнэ монгол мэдрэмж, их өөр талаас нээсэн монгол ахуй сэтгэлийг гижигдсээр байгаад дуусгалаа. Ийм юм хийчихээд дув дуугүй, юу ч болоогүй юм шиг хаа явдаг нөхөр юм бол? гэж бодов. Түүнийг чадвартай, чадалтай маш сайн сэтгүүлч, нийтлэлч гэдгийг мэднэ, харин ийм сайн шүлэгч гэдгийг анзаарсангүй. Энд тэндэхийн сонин сэтгүүлд л гаран орон явдаг бололтой. Ийм л чимээгүй, ийм л жирийн нэгэн шиг гайхуулдаггүй сонин ертөнц.
Ц.Галбадрах дотроо бол уугин шатдаг мөртлөө гадагшаа барагтай бол гаргахгүй. Дотроо бол бүхнийг мэдээд цэгнэчихсэн мөртлөө юу ч мэдрээгүй юм шиг явна.
Түүний шүлэглэснээр бол,
…Чи бороо боллоо ч
Шаагиж бусдад үзэгдэхгүй
Далд…
…Чи цэцэг боллоо ч
Ганхаж бусдад үнэртэхгүй
Далд…гэсэн нь бусдыг биш, өөрийгөө хэлчихсэн юм шиг. Галаа далд, гэвч бичсэн шүлэг, нийтлэл нь айхтар сүрхий тодоос тод гэрэлтэн бүхэнд илхэн, бүхнээс илүүтэй танигддаг юм. Монгол хэлнийхээ тансаг өнгийг таньдаг мэдэрдэг, түүнийг ааг ханхлуултал эдэлж хэрэглэж чаддаг цөөн хэцүү авъяастны нэг мөн гэж шинждэг боловч их л удаан “дуншиж” байж үрээ төрүүлдэг гэмээр байдаг. Тэр болгоныг би бас мэдээгүй байж болно л доо. Харин “Бадрангуй” яруу найргийн ном нь түүнийг бүхлээр нь илээр гаргаад дэлгэчихжээ.
Галааг мэднээ. Өдөр тутмын сонинд миний орлогчоор ажиллаж л байлаа. Тустай сайн юм чив чимээгүй хийчихээд дув дуугүй инээмсэглээд явж байсныг тэнэг би мэдэлгүй амьсгал үзэл нэгт түүнийгээ гомдоож халирааж л явсан юм билээ.
Өдөр тутмын сонины буцалж, оргисон редакц гэдэг бол хүн тайван байхын аргагүй хатуу орчин. Хийх зүйлийн төлөө, хийчихсэн юмныхаа төлөө хэлэх хэлэхгүй үгээр бие биеэ гомдоодог ч гэлээ ямар улаан мөнгөний хэрүүл маргаан биш дээ, ном эрдмийн цагаан ертөнц болохоор аяндаа цайрдаг нь сайхан. Залуус нь болохоор харин ч та намайг хатуу үгээр шилбүүрдэж байсан ч их зүйлийг сургасан гэж баярлаад явдаг нь олон юм билээ.
Салхи үлээхийн төдийд зөөлөн явгалж гоёоны үндэс рүү шургах элс шиг, ботгоны бөхнөөс гэнэт цэлсхийн ургах говийн улаан нар шиг, бас зөөлөн асгарах нартай бороо шиг шүлгүүд нь аяс намуун, эгшиг айтай, дүрслэлийн шинэчлэлээр баялаг санагдлаа. Орчлонгийн элдэв юмсыг их нухаж дотогшоогоо мэдэрсэн гоо сайхан гэж болохоор “Бадрангуй” шүлгийн номын мөр болгон дээгүүр ёстой л говийн нар тэшиж байх шиг илчлэг, чин сэтгэлийнхээ гүнээс утгын чимгийг дэн дун гаргаж дэлгэжээ.
Их найрагч Бавуугийн Лхагвасүрэн ч хамаагүй дуу алдаад байх хүн бишээ. Гэвч тэрбээр хэлж чадаж. Бүр онож, бүр гоё хэлж…Ярилцлага өгөхдөө ухаан, үг хоёроо гамнадаггүй ч яруу найраг шүлгийг үнэлэхдээ үгээ гамнаад, өчүүхнийг гаргах шиг байдаг. Тэрбээр “…Их цэгцтэй, цэвэрхэн, хийц, урын тэмцэл сайтай шүлгүүд нь өөртэй нь их адилхан юм. Ийм шүлгүүдийг зөвхөн Галбадрах л бичих юм байна гэж бодсоноо нуухын арга алга” гэжээ. Хийц, урын тэмцэл…Үгийн нүдийг олж хатгана гэдэг энэ. Үг бол ухааны хэмжээс. Үгийг ухаан болгож гаргадаггүй нь бидний гачлан. Ухаан гэдэг үгийг үйлдвэрлэгч цех юм даа. Урам төрөв.
Яруу найрагч, шүлэгч хүнд маш нарийн сийлмэл мэдрэмж тархи, зүрх хоёрын завсар унтаж байдаг. Мэдрэмжийн эд эс сэрвэл сая жинхэнэ найраг амилна. Мэдлэгтэй, боловсролтой, гадаадын хэд хэдэн хэлтэй хүн сайхан бүтээл хиймээрсэн. Үгүй л юм билээ. Боловсрол мэдлэг чухал ч “чувство“ “sense” буюу “мэдрэмж” хэмээх гайхамшгийг орой дээрээ мандуулмаар санагддаг.
Шүлэг гэдэг бол тэр чигээрээ үг ухааны сүвийн мэдрэмж юм. Яруу сайхны мэдрэмж гэдэг бол амьгүй болгоныг, унтаж байгаа болгоныг сэрээдэг. “Хоёр гараараа алга ташихыг хэн ч сонсоно, мэдэрнэ. Харин ганц гарын дууг сонсч байвал тэр мэдрэмж.Үүнийг л агуу их мэдрэмж гэж үздэг, боддог төсөөлдөг. Гэхдээ мэдрэмж мэдрэмжийн дотроос монгол ахуйн мэдрэмж гэдэг бол энэ ертөнцийн гайхамшиг бөгөөд Монголынхоо хөрсөн дээр гишгэж яваа мөртлөө нүхгүй юм шиг, чулуу шиг шүлгийг их төрүүлж байнаа.
Ц.Галбадрах төрөлхийн гоо сайхны болоод яруу сайхны гайхам мэдрэмжтэй. Морин хуураа татахлаар ингэний нулимс бөмбөрүүлж чадна. Хүний хөрөг дүрсийг дуу алдтал гайхам адилхан болоод дотоод сэтгэл, хамгийн нууц далд шинжийг хүртэл ганцхан хэгдэс хийгээд л хээ шиг хайчилбар хийнэ. Тэр ийм онцгой ховор авъяастайг би бүр хожуу санамсаргүй мэдсэн. Дэндүү чимээгүй, дэндүү хойно гишгэж болохгүй ээ, Галаа. Одоо л хэн гэдгээ үзүүлэх цаг ирж…
…Сарнай ягаан цэцгэн дундуур
Чамайг явахыг мэдсэн болбол доо
Салхи аргадсан дэлбээн дээр нь
Эрвээхэй болоод буух минь ч яав даа… (Хожуу бодлын салхи)
…Их ээ холоос
Ирж яваа морьтон
Толгодын дунд
Тонгочно
Зэрэглээнд өргөс шиг торно
Ижийдээ яарсан ботго
Хайлаас харж андууран
Зэлээ тойрч таварна
Зэрэглээнд хууртаж гомдоно… (Жин үд)
…Чамдаа би
Сайхан үг хэлэлгүй удаж
Хажууд нь анх
Чи биднийг уулзахад
Хар нялхаараа
Сугсалзаж байсан модыг
Нэг л өглөө босоход
Нэг их цас
Нэвсийтэл дарчихаж
Шувуу суух
Ганц хуурай мөчир ч үлдээлгүй
Бамбарлачихаж…
Чамдаа би
Сайхан үг хэлэлгүй удаж…(Чамдаа би сайхан үг хэлэлгүй удаж)
…Монгол уяа
Мориор дүүрэн байхад
Явгарахын хувь
Дутуу, надад
Элбэг баян
Эх нутаг байхад
Цагаачлахын хувь
Дутуу, надад
Мөрөөдлийнхөө оргилд
Хэзээ ч хүрэхгүйдээ
Мөнх наслахын хувь
Дутуу, надад… (Дутуу хувь)
Эдгээр мөрүүд яах аргагүй монгол мэдрэмжээс амилж төрсөн уран дүрслэл, үгийн их хэмнэл, зохис төгөлдөр байршил, өөрөө өөртэйгээ яргаж тэмцсэн хувьсал ажиглагдана. Судрыг хоргой торгонд баринтаглах шиг эх хэлний торгомсог илэрхийлэл, эгэл болоод гялсхийх монгол үгийн буян нүнжиг Ц.Галбадрахын амин сүнс болж байгаад баясахаас өөр аргагүй.
Ийм хүнийг ямар ч олбин солбин шинэчлэл уруу татаж чадахгүй. Ийм хүү гэнэнтэж дэмий юм руу уруу татагдвал тэр Галбадрах болоод говийн хүү биш болно оо. Их нарийн сэтгэж, их жимбүүрдэж, тун нарийн зайгаар ухаан цувьж гаргадаг чадвар түүнд байгааг ажаад ийм үгийг унагахаас өөр аргагүй боллоо.
Навч тасалж байгаа шиг, богино богино мөрөөр ухаанаа унагадаг юм байна. Чамбай л хүний шинж. Богино ч бай, урт ч бай мөртөөр онох юмаа л олж унах ёстой тул түүний харам цөөн мөрүүд номын нэгэн гоёхон чимэг болон үлджээ.
…Ээж айсуй
Араганд нь
Аргал, нар хоёр чихэлдэнэ…
…Тэнд
Тэнгэр дуугарахад
Энд үндэс баярлана…
…Халууцаж нозоорсон утаа
Хаяагаар тэнүүчилнэ
Банхарын хоолой аргана…
Гүн бясалгалын, дэгжин, хөөрхөн, сэрэл бодомжийн мөртүүд их чамин хийцтэй мөнгөн товч шиг санагдана. Ахуйгаар сэтгэсэн үгэнд нь зориулж ахуйн үгийг хэлж байгаа болохоос шүлгийг яахин товч мэтхэнтэй зүйрлэж, адилтгаж болох…
Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын уугуул Цээнзэнгийн Галбадрах хэмээх “дэлбэрээгүй галт уул” дотроо түншиж, нургиж уугиж байснаа гэнэт оргилон зад тавих шиг галт оргидос болсон сэтгэлээ цацсан шиг цацаж чаддаг нь урамшилтай.
Түүний “Бадрангуй” шүлэг Монголын яруу найрагт говийн уул толгод адил үлдэхдээ нэг үлдэнэ. Уул толгодыг нурааж, сүйтгэж болдгийг энэ цагийнхан “ид хавтай” харуулж байна. Гэвч яруу найргийн уулыг нурааж дийлэхгүй ээ.
…Гал дээр сүү дэврэх бадрангуй
Гараанаас морьд дүрэлзэн эргэх бадрангуй
Ян үдэд гэнэт үүл толгойлох бадрангуй
Ядуу хүү баатар болоод үлгэр жаргах бадрангуй… гэжээ.
Монгол омогшил… дотоод хөдөлгөөн, дотоод түлхэлт, дотоод эрчис ингэж монгол найрагчийн омогшлыг гадагшаа оргилуулж чадаж…
Галаа, чиний бүтээл ирээдүй цагт улмаа бадрангуй, бас дахин бадрангуй байх болтугай.
доктор /Ph.D/, профессор До.ЦЭНДЖАВ
Эх сурвалж: “Өдрийн сонин”