Ямар үсчин ийм “эвдэгч” байдаг байна аа.

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Ямар үсчин ийм “эвдэгч” байдаг байна аа.

Үсчний салонд үсээ засуулж гарч ирээд, үүдэнд нь “Би зүгээр л багасгаад тэгшлээд өг гэсэн. Яахаараа модны орой тэгшилж байгаа юм шиг хяргаад хаячихдаг байна аа” хэмээн бухимдан зогсох хэн нэгэнтэй та цөөнгүй удаа таарсан л байх.

Ийм таагүй байдалд орохгүйн тулд та юуны түрүүнд үсчинтэйгээ ойлголцох хэрэгтэй. Энэ нь тийм ч амар зүйл биш гэлээ ч амьдралын тань тун чухал асуудал юм шүү. Хайч барьсан “увьдастны засаглал” доор зөвхөн таны туг үс л байгаа юм биш. Таны гоо сайхан, өөртөө итгэх итгэл, сэтгэл санаа, өөрийгөө үнэлэх үнэлэмж гээд л бүгд түүнээс хамаарах болдог юм. Тэр бүү хэл сэтгэл зүй, эрүүл мэндийн асуудал ч сөхөгдөх вий. Хэрэв та үүнтэй санал нийлэхгүй гэж байгаа бол хэн нэгэн хайхрамжгүй үсчний тоглоом болсны дараа л энэ бүгдийг ухаарах биз.

Тийм учраас франц бүсгүйчүүд “Сайн үсчин олох нь нөхөрт гарахаас ч хэцүү” хэмээн ёжилдог юм. Таны сонгосон үсчин нэгэн зэрэг зураач, сэтгэл зүйч,мэдээж мэргэжлээрээ өндөр ур чадвартай нэгэн байх хэрэгтэй.
Тэгэхээр үсчнээ хэрхэн сонгох вэ. Энэ тал дээр
“Төгс жор” гэж байхгүй нь мэдээж.

Гэсэн ч танд тустай хэдэн зөвлөгөөг өгье.
1. Юуны түрүүнд өөрийнхөө гадаад төрхөнд анхаарлаа хандуул. Улиг болсон хэвшмэл төрхөөсөө аль болох салахыг хичээ. Сайн үсчин ямагт цаг үеэ дагахаас гадна өөрийн гэсэн стиль, хэв маяг, донжтой байдаг. Түүнээс нь бид ямар хэв маягийг чухалчилж үздэгийг нь мэдэж авч болно. Хэрвээ тэр хэт авангард эсвэл бүр эсрэгээрээ ямар стильгүй бол та өөр хэн нэгнийг хайх хэрэгтэй.

2. Үсээ засуулж байх үед үсчин “Танд Кейт Моссын үсний засалт таалагддаг уу” , “Та Балид амарч байсан уу” зэргээр асууж шалгаавал та битгий гайхаж, эмзэглээрэй. Жинхэнэ чадварлаг үсчид л үс засч янзлахдаа дуугүй байдаггүй юм. Тэр бүхнийг сонирхож, үйлчлүүлэгчтэйгээ “амьд” холбоо тогтоодог. Мастер үсчний өндөр зэрэглэлийг илэрхийлдэг гол зүйл нь хайчаа жонглёр мэт эргүүлэнгээ чалчих явдал.

3. Тэр тусмаа “Таны үс ямар хатуу юм бэ. Та юу хэрэглэсэн юм бэ” гэхчилэн асуувал та эмзэглэх хэрэггүй шүү. Энэ бол доромжлол огт биш, харин эмчилгээний онош тавих адил зүйл юм.

4. Та үсчний суудал дээр суусан бол өөрийнхөө үсийг ямар хэлбэрээр засуулах гээд буйгаа гар, хуруугаараа дүрслэн үзүүл. Таны төсөөлсөнтэй ижил төстэй засалтын загварыг харуулсан ямар нэг сэтгүүл байгаа эсэхийг асуу. Түүнээс өөрт хэрэгтэй засалтын загвар хаана байгааг мэдэж чадна. Мөн танд тэр үсчний газрыг зааж өгөөд зогсохгүй таны сонголттой холбоотой нэмэлт зүйлүүдийг ч хэлж өгөх болно. Энэ үед ажил гэхээс илүүтэй урлагийн түвшинд хандаж буй нь илт мэдрэгддэг.

5. Чадварлаг үсчид таны царайны төрх, үсний чанар тэр бүү хэл, бие галбирыг чинь хүртэл цэгнэж шинжинэ. Тэрбээр үс засахаасаа илүү таны санаа бодлыг сонсохын тулд нэмэлт асуултууд асуух болно. Тухайлбал, Таны амьдралын хэмнэл. Өглөө бүр үсээ янзалдаг эсэх. Таны ажил хэрэгч имиж эмэгтэйлэг төрхтэй чинь хослох ёстойг хэлж өгнө. Өөр ямар нэг хувилбарыг ч олж харж чадна. Түүний ажлын хэрэглэгдхүүн нь зөвхөн таны үс бус таны дүр төрх бүхэлдээ гэдгийг сайн мэднэ. Тийм учраас анх уулзаж танилцах явц 30 минут түүнээс ч урт хугацаанд үргэлжлэх болно.

6. Хэрвээ үсчин чинь гадаад стилээ өөрчлөхийг зөвлөвөл, өөрийнхөө эргэлзэж буйг хэлэхээс бүү жийрх. Тэгээд ч таны хэлсэн бүрийг зөвшөөрөх үсчинд онцгой итгэл үзүүлэх шаардлага байхгүй.

7. Хэрвээ стилисттэйгээ ярилцах үед та хоёрын яриа нэг л таарахгүй байвал түүгээр заавал үсээ засуулах гэхийн хэрэггүй. Үр дүн нь танд мэдээж таалагдахгүй шүү дээ

8. Сайн үсчин үс засах үедээ үсийг шулуун байлгах эсвэл буржийлгахад мусс, гель хоёрын алийг нь хэрэглэвэл зохистойг зөвөөр хэлээд өгнө. Энэ нь танд өнөөдөр ч маргааш ч , ер нь цаашдаа ч сайхан харагдах итгэлийг төрүүлэх учиртай.

9. Харилцан ойлголцол, оновчтой засалт зөвхөн үсчний ур чадвараас хамаарахгүй. Хэрвээ таны “настроение” муу, өглөөнөөс өдөр болтол бүтэлгүйтээд байвал үсчний салоныг зүгээр л тойроод гарчихсан нь дээр.

10. Хэрвээ танд аз таарч та өөрийн хайж байсан үсчингээ олоод авсан бол түүнийг тойлж алдахгүй байхыг хичээгээрэй. Хэрвээ үсчний ур чадварыг гайхуулах мэт таны үс ер бусын сайхан сэтгэл татам харагдаж буй бол түүнээс гар татах хэрэггүй шүү. Энэ тохиолдолд тэр танд үнэнч үйлчлэх бөгөөд танд юу зохих юу зохихгүйг байнга хэлж зөвлөж байх болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж