Айлчлалын хүрээнд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун БНЧУ-ын Байгаль орчны дэд сайд Я.Криж болон БНЧУ-ын парламентын Төлөөлөгчдийн танхимын Байгаль орчны байнгын хорооны дарга Р.Бөхниш болон тус хорооны гишүүдтэй тус тус уулзалт хийж манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, байгаль орчин хамгаалал, нөхөн сэргээлт, ногоон хөгжлийн асуудал, хөрөнгө оруулалт, эрчим хүч, хот байгуулалт болон хөгжлийн хамтын ажиллагааны тусламжийн үр нөлөөг дээшлүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлуудаар санал солилцлоо.
Хоёр тал цаашид байгаль орчны салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, идэвхжүүлэх ажлын хүрээнд Монголын ойн чиглэлийн мэргэжилтэн, боловсон хүчнийг богино хугацааны сургалтад Чех Улсад хамруулахаар болсон байна.
Монгол Улсад хүрээлэн буй орчны салбарт БНЧУ-ын Хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй зарим төслийн гүйцэтгэгч байгууллагын төлөөлөлтэй Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун дугуй ширээний уулзалт хийж цаашид байгаль орчны салбарт хамтран ажиллах нөхцөл боломжийн талаар зөвлөлдөн Чех Улсын Хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Тахийг Монгол Улсад эргэн нутагшуулах” төслийн явцтай танилцаж төслийн хэрэгжилтийн тухай хэвлэлийн бага хуралд оролцов.
Түүнчлэн айлчлалын хүрээнд Байгаль Орчин, Ногоон хөгжлийн сайд С.Оюун Чехийн нөөцийн нефтийн бүтээгдэхүүнийг ачих, буулгах, дамжуулах хоолойн удирдлагын төв, “Ойн академи” болон Карлын Их Сургуулийн Байгалийн шинжлэх ухааны сургуульд тус тус зочилж үйл ажиллагаатай нь танилцсан бөгөөд Европын ууган их сургуулийн нэгт зүй ёсоор тооцогдох Карлын Их Сургуулийн 666 жилийн ой 2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр тохиож буйтай холбогдуулан нийт Чех, Словакийн их, дээд сургууль төгсөгчдийг төлөөлөн баярын илгээлт Карлын Их Сургуульд хүргүүлсэн юм.
Айлчлалын энэхүү өдрүүдэд БНЧУ-ын Храдец Кралове хотын төрөх эмнэлэгт Монгол Улсын иргэн Н.Дондог болон Н.Наранчимэг нарын гэр бүлд 3 ихэр хүү төрсөн баярт үйл явдал тохиосон тул Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун болон Элчин сайд Д.Зүмбэрэллхам нар ихэр хүүхдүүдийн эцэг, эхэд баяр хүргэсэн байна.
Ихэр хүүхдүүдийн эцэг, эх болох Н.Дондог болон Н.Наранчимэг нар Чех улсын Наход хотын “Снежка” /Sněžka/ автомашины суудлын бүрээсний үйлдвэрт ажилладаг бөгөөд ийнхүү тэдний гэр бүл 5 хүүхэдтэй болж байгаа юм байна.