
Фото: Guillaume Souvant / AFP
Францын ерөнхийлөгч Франсуа Олландын хамтран амьдарч байсан эхнэр Сеголен Руаяль шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд Экологийн сайд болсон тухай BBC News мэдээлжээ. Шинэ Засгийн газрыг ерөнхий сайд Мануэл Вальс бүрдүүлсэн юм. Засгийн газрын тэргүүн санхүү хариуцсан албыг хоёр яам болгон хуваав. Хуучин танхимын зарим гишүүд тушаалдаа үлджээ. Тухайлбал, Гадаад хэргийн сайд Лоран Фабиус хуучин тушаалдаа үлдсэн байна.
Ерөнхийлөгч Олланд гуравдугаар сарын 31-нд ерөнхий сайд Жан-Марк Эйрогийн Засгийн газрыг огцруулсан юм. Тэрээр социалист намын хотуудын сонгуульд ялагдсан ялагдлын хариуцлагыг өөртөө авчээ. Эйрогийн оронд Дотоод хэргийн сайд байсан Мануэл Вальсийг томилжээ.
Социалист намын нэртэй зүтгэлтэн Сеголен Руаяль урт хугацаанд төрийн ямар нэгэн алба хашиж байсангүй. Францын хэвлэлээр түүнийг тэргүүн хатагтай, сэтгүүлч Валери Триервейлертай муу харилцаатай байснаар тайлбарлаж байлаа. Өнгөрсөн нэгдүгээр сард Олланд, Триервейлер хоёр салж буйгаа зарласан билээ.
Сеголен Руаяль нь бараг хориод жил Франсуа Олландтай хамтран амьдарсан бөгөөд дөрвөн хүүхэдтэй. Руаяль 2007 онд Социалист намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн ба тэр үед Николя Саркози сонгуульд ялжээ. Үүний дараахан Руаяль, Олланд хоёр салсан ба Олланд 2012 онд Францын ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.