Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон хос, холимог багийн төрлөөр гурван насны ангилалд аваргуудаа шалгаруулна. Олон улсын ширээний теннисийн дүрэм ёсоор өсвөрийн тамирчдыг 12-оос доош, 13-15, 16-18 нас гэсэн ангиллаар аваргуудыг тодруулдаг учиртай.
Тэмцээнийг нээлтийн үеэр Соёл, Спорт Аялал жуулчлалын яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бакытжан өсвөрийн тамирчдадаа амжилт хүсэн ерөөгөөд, энэ спортыг Монголд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Монголын ширээний теннисийн холбоо болон хамтран ажиллагч байгууллагуудад талархал илэрхийлсэн юм.
2014 оны өсвөрийн УАШТ-ээр тамирчдын залгамж халааг тодруулах, оны шилдэг өсвөрийн тамирчдыг шалгаруулах, чансааг тогтоох, тамирчдын арга техник, туршлагыг солилцох нь хамгийн чухал гэдгийг Монголын ширээний теннисний холбооны дэд ерөнхийлөгч Ц.Гантулга онцоллоо.