Цагаатгалын хуулийн төсөл дээр шургуу ажилласан

Хуучирсан мэдээ: 2014.04.03-нд нийтлэгдсэн

Цагаатгалын хуулийн төсөл дээр шургуу ажилласан

Цагаатгалын хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барих талаар шаргуу ажилласан

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах цар хүрээ ихтэй, нүсэр энэ ажил хуулийн дагуу явагдаж улмаар дуусах шатандаа нэгэнт орсон гэдгийг УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Логийн Цог цохон тэмдэглэв.

Тэрээр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах орон нутаг дахь бүх салбар комиссын нарийн бичгийн дарга нарт хандаж дээрх үгийг хэлээд, улс төрийн хэрэгтэй холбоотой хэрэг материалыг шуурхайлан эцэслэн шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна гэлээ

Мөн цагаатгалтай холбоотой холбогдох хуулийн төслийг санаачлан боловсруулж Улсын Их Хуралд өргөн барих талаар шаргуу ажилласан гэдгээ онцоллоо.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс орон нутаг дахь салбар комиссын нарийн бичгийн дарга нарт зориулж өнөөдөр хийсэн уулзалт-семинарын үеэр цагаатгалын ажлын явц, өнөөгийн байдал, тулгамдаад буй асуудал тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх зэрэг асуудлаар харилцан ярилцаж санал бодлоо солилцов.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн даргаар томилогдсон Д.Дамбасүрэн Комисс болон салбар комиссоос цагаатгах, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээх, мөнхжүүлэх, мөн иргэдээс цагаатгалтай холбоотой ирүүлж буй санал хүсэлт тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж буй ажлыг багцлан тэдэнд танилцууллаа.

Дараа нь уулзалт-семинарт оролцогсод улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыг орон нутагт хэрхэн зохион байгуулж байгаа, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээллээ.

-1939 оноос хойш өнөөг хүртэл 31 мянга гаруй иргэний хэрэг хилс болох нь хууль хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогдож цагаатгагдан, нэр төр нь сэргэгдээд байна.

-Улс төрийн хэргээр шийтгүүлсэн 600-гаад иргэнд холбогдох хэрэг цагаатгагдах үндэслэлгүй гэдэг нь нотлогджээ

-1998 оноос хойш нийт 18034 хүн 16 тэрбум 247,4 сая төгрөгийг нөхөх олговорт авчээ.

-1990 оноос хойш Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс хэлмэгдэгсэд болон тэдний гэр бүл болох 526 хүнд 3 тэрбум гаруй төгрөгөөр орон сууц худалдан авч өгсөн байна.

-Бүрэн бус судалгаагаар амьд сэрүүн байгаа хэлмэгдэгсэд 60 орчим, хэлмэгдэгсдийн гэр бүл 60 гаруй хүн, мөн хэлмэгдэгсдийн 1900-гаад хүүхэд тус тус байгаа ажээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж