Хөлбөмбөгийг бизнес болгож чадахгүй байна

Хуучирсан мэдээ: 2014.04.03-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийг бизнес болгож чадахгүй байна

Сансар HD телевиз Английн хөлбөмбөгийн “Премьер лиг”, Европийн хөлбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг”-ийн тэмцээнийг Монголд албан ёсны эрхтэй дамжуулж эхэлснээс хойш нэг жилийн хугацаа болж байна. Гэсэн ч шууд дамжуулалт хүртээмжгүй байгаа талаао хөлбөмбөгийн үзэгчид, хөгжөөн дэмжигчид сэтгэгдлээ илэрхийлэх нь олонтаа. Тэгвэл дэлхийн сая, сая үзэгчдийн  үзэхийг хүсдэг “Премьер лиг”, “Аваргуудын лиг”-ийн тэмцээнийг хэрхэн хүртээмжтэй хүргэх боломж байгаа талаар спортын сэтгүүлч Э.Амарсайхантай ярилцлаа.

-Монголын хөлбөмбөг сонирхогчид Английн “Премьер лиг”, “Аваргуудын лиг”-ийн тэмцээнийг үзэж чадахгүй болсондоо бухимдуу байдаг. Тэгэхээр үзэгчдэд эдгээр тэмцээнийг хүртээмжтэй хүргэхийн тулд Сансар HD телевиз, SPS суваг хэрхэн ажиллаж байна вэ?

-Би зөвхөн спортын сэтгүүлч хүний хувьд уншигч, үзэгчдэд мэдээлэл өгөхөөр санал бодлоо хуваалцаж байгаа юм шүү. Түүнээс Сансар HD телевизийг төлөөлөн ярих эрхгүй. Би Сансар HD телевизэд хамааралгүй болж байгаа. Ажлаас гарсны дараа сонин, хэвлэлд ярилцлага өгөөд ч байгаа юм шиг хүмүүст санагдах вий гэхээс эмээж байна. Харин спортын сэтгүүлч хүнийхээ хувьд өөрийн мэдэж байгаа зүйлээ уншигч, үзэгчдэд тодорхой мэдээлэл өгөх үүднээс ярилцаж болно. 

-Та ажлаасаа гарч байгаа юм уу?

-Тийм ээ. Ажлаа хүлээлгэн өгч байна.

-Энгийн үзэгчид бол таныг SPS сувгийг байгуулж, Английн “Премьер лиг”, “Аваргуудын лиг”-ийн эрхийг авсан гэж ойлгож ярьдаг байсан. Тийм биш ч гэлээ эхлүүлсэн ажлаа замын дундаас хаяж болохгүй биш үү? 

-Үгүй дээ. Үүнийг ойлгомжтой болгохын тулд бүр эхнээс ярих хэрэгтэй байх аа. Сансар HD телевиз Английн “Премьер лиг”, “Аваргуудын лиг”-ийн тэмцээнийг Монголд анх удаа албан ёсоор дамжуулах эрхийг авсан. Энэ бол нэг талаар дэвшил юм. Бид “Премьер лиг”-ийн  тоглолтуудаас хүссэнээ сонгон үзэх боломжтой болсон. 

Анх С1 телевиз Английн “Премьер лиг”-ийн 2009-2010 оны улирлыг Сингапурын “ESPN” сувгаас дамжуулан цацсан. Үүний дараа “Боловсрол суваг” телевиз гурван жилийн турш дамжуулан цацах эрхийг авсан юм. Дамжуулан цацах гэдэг “ESPN” ямар тоглолт гаргана түүнийг манай телевизүүд үзүүлдэг байсан. Шууд нэвтрүүлгийн дундуур гадаад хүмүүс, янз бүрийн реклам ороод ирдэг байсан шүү дээ. Манай телевизүүд дамжуулан цацах эрхийг 100 мянган ам.доллараар худалдаж авдаг байсан юм. Бүр эхэндээ 40 мянган ам.доллар байсан юм. Жилдээ 20 мянган ам.доллараар өсөх болзолтойгоор “Премьер лиг”-ийг дамжуулах эрхийг авдаг байлаа.

Өнгөрөгч 2013 оноос эхлэн, Английн “Премьер лиг”-ийн тоглолтыг дамжуулан цацахыг хориглочихсон. Харин албан ёсоор шууд дамжуулах эрхийг худалдан авч болно гэсэн санал телевизүүдэд ирж, тендер зарласан. Энэ тендер гурван сард болж, манай улсаас гурван компани өрсөлдсөн. Телевизүүд оролцож чадаагүй юм. Учир нь Английн “Премьер лиг”-ийг шууд дамжуулах эрх нь 500 мянган ам.долларын үнэтэй байсан юм. Албан ёсоор дамжуулна гэдэг бол Английн “Премьер лиг”-ийн тоглолтуудыг бүгдийг бүрэн эхээр нь гаргадгаараа, тоглолтуудаа сонгож үзэгчдэд хүргэдгээрээ давуу талтай.

-Яагаад “Премьер лиг”-ийг дамжуулах эрх гэнэт 100 мянган ам.доллараас 500 мянга болчихсон юм бэ? Албан ёсоор дамжуулахаар үнэ нь нэмэгдэх үү?

-“Евро 2012” хөлбөмбөгийн Европийн аварга шалгаруулах тэмцээнээс хойш үнэ огцом өссөн. Учир нь Европийн аварга шалгаруулах тэмцээн сонгуулийн үеэр болдог. Тиймээс ТВ9 телевиз Европийн аварга шалгаруулах тэмцээнийг 500 мянган ам.доллараар үнэ “цохиод” авчихсан. Түүнээс өмнө бид “Премьер лиг”, “Аваргуудын лиг”-ийг дамжуулах эрхийг авахдаа хөлбөмбөгийн спортыг сурталчлах, цөөн хүн амтай, дөнгөж хөгжиж буй гэж байгаад хямдхан үнээр авдаг байсан. Мөн Олон улсын Шударга өрсөлдөөний төв “Ийм цөөхөн хүн амтай, хөрөнгө мөнгө багатай оронд хямдхан өгөх ёстой” гэдэг байр суурийг илэрхийлдэг байсан нь хямд авах боломжийг бүрдүүлдэг байсан.

2012 оны Европийн аварга шалгаруулах тэмцээнийг ТВ9 500 мянган ам.доллараар авснаас хойш  шууд дамжуулах эрхийг хямдхан өгөхөө больчихсон. Одоо “Тендерийн мөнгөний босго өндөр байна” гэдэг санал хүргүүлэхээр “Танайд 500 мянган ам.доллараар худалдаж авдаг газар байна. Шууд дамжуулах эрхээ 500 мянган ам.доллараар худалдаж авбал ав. Үгүй бол болилоо” гэдэг болчихсон. Тэгэхээр 500 мянган ам.доллараар албан дамжуулах эрхийг аваад үзэгчдэд хүргэнэ гэдэг манай телевизүүдийн хувьд тун хэцүү. Тиймээс ч тендерт телевиз биш компаниуд оролцсон юм. Харин Сансар HD, Ддиш телевиз дамжуулахаар болсон юм. Олон улсын жишгийн дагуу шууд дамжуулж буй нэвтрүүлгээ төлбөртэйгээр гаргаж зарлагаа нөхөх зарчмыг барьсан. Үүнээс үүдээд иргэдэд хүртээмжтэй хүрч чадахгүй хөлбөмбөг сонирхогчдын дургүйг хүргээд байгаа юм. Мөн хөгжөөн дэмжигчдийг хохироогоод байгаа юм.

-Хөлбөмбөг ийм олон нийтэд бага хүрч байгаа нь юутай холбоотой гэж боддог вэ?

-Миний бодлоор Монголдоо шууд дамжуулах эрхийг авахдаа судалгаа, бэлтгэл дутуу байсан санагддаг. Хөлбөмбөг үзье гэхээр интернетээсээ, хэрэглээд сурчихсан зүйлээсээ салах дээрээ тулчихаад байдаг. Хөлбөмбөгөө үзье гээд Юнивижн, Скаймедиагаа солиулчихвал интернетгүй болчихно. Хоёуланг нь тавиулъя гэтэл төлбөр өндөр гарна гээд асуудал их байна. Үүнээс үүдээд л иргэд бухимдаад байгаа юм. Гол золиос нь би л болж байх шив дээ. Чи л хөлбөмбөгийг өмчилчихлөө. Өмнө нь болоод байсан юмыг хяслаа, боолоо гэдэг утгаар хандаж байна. 2013 оны гуравдугаар сард тендер болж, Сансар HD телевиз дамжуулахаар болсон гэсэн. Тавдугаар сард спортын сэтгүүлчдээр баг бүрдүүлсэн юм. Тэгээд л би тэнд ажилд орсон юм.    

-Хэрвээ шууд дамжуулах эрхээ Юнивижн, Скаймедиа гээд л кабелийн телевизүүд дээр төлбөртэйгээр гардаг бол зүгээр юм биш үү?   

-Шууд дамжуулах эрх авсан телевиз өөрийн сувгаар төлбөртэйгээр цацаж, зарлагаа нөхөж, ашиг олох ёстой. Энэ бол дэлхий нийтээр мөрдөж буй бизнесийн зарчим. Өмнө нь, ОХУ-д Россия1 олон нийтийн сувгаар цацдаг байсан. Энэ жилээс эхлэн кабелийн телевиз авчихсан. Оросууд үзэж чадахгүйд хүрч байна. Ер нь ОХУ, Англи, Канад дэлхийн аль ч улсад шууд дамжуулах эрхийг авсан кабель ганцаараа гаргах эрхтэй байдаг. Гэтэл манай хэрэглэгчид IPTV-дээ дасчихсан.

-Гэхдээ үзэгчдэд төдийлөн хүрэхгүй байхаар алдагдалтай баймаар юм аа? 

-Юнивижн, Скаймедиа, Сансар HD бол бизнесийн салбар дахь өрсөлдөгчид. Бизнесийн хуулийн дагуу өрсөлдөгчөөсөө илүү бараа, бүтээгдэхүүнээр хэрэглэгчээ татах ёстой. Хэрэглэгчээ татах, цаашид хэрэглэгч хэвээр авч үлдэхийн тулд хийж буй ажил гэж ойлгодог. Өөр илүүг хэлж мэдэхгүй. Би хувьдаа хөлбөмбөгийг арай олон хүнд хүргэх боломж бий л гэж хардаг.

-“Аваргуудын лиг”-ийн тэмцээн эхлэхээр Хятадын ССТВ5 телевизийг хаачихаад байгаад хүмүүс их дургүйцэж байна. Ингэж болдог юм болов уу?  

-Монголд албан ёсны эрхтэйгээр дамжуулж байгаа тохиолдолд бусад орны телевизийг хаах эрхтэй. Үүнийг анх шууд дамжуулах эрх авч байгаа үед баталгаажуулж өгдөг. Хөлбөмбөгийн шууд дамжуулалт бол маш том бизнес шүү дээ. Дамжуулах эрхийг худалдаад авчихсан байтал орос, хятад сувгуудаар гараад байвал яаж бизнес хийх билээ. ССТВ5 телевизийг хаах эрх “Аваргуудын лиг”-ийн шууд дамжуулалтыг авсан Сансар HD телевизэд байгаа. Тийм эрхийг нь өгсөн байдаг гэж ойлгох хэрэгтэй.

-С1 телевизээр Английн “Премьер лиг”-ийн нэг тоглолтыг гаргахаар боллоо гэсэн. Гэтэл нэг тоглолт үзүүлээд гаргахаа больчихлоо. Одоо гарах болов уу?

-Гаргана гээд эхний ээлжинд Челси–Фулхэмийн тоглолтоор эхэлсэн. Төд удалгүй болиулсан даа. Түүнээс долоо хоногт ядаж нэг тоглолтыг олон нийтийн телевизээр олон хүнд үзүүлье гэсэн бодолтой байсан. Ядаж л Английн “Премьер лиг” үргэлжилж байгаа шүү гэдгийг мэдээллэх. Магадгүй үүнийг эрх эзэмшигч газар нь өөрсдийн талд ашигтай нүүдэл хийж болох ч байсан юм билүү. Одоо энэ талаар би яриад яахав дээ.  

-Ярилцсанд баярлалаа. 

Б.ОЙНБИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж