
Харин намрын чуулган завсарласнаас хойш “Эдийн засагт гал аслаа” гэх анхааруулга өгч ирсэн сөрөг хүчний мэдэгдлийг Ерөнхий сайд энэ удаад хүлээн зөвшөөрч, удахгүй эдийн засагт авах арга хэмжээний тухай тогтоолыг УИХ-д өргөн мэдүүлэх болно гэж хэлсэн юм.
Сэтгүүлчдийн асуултад Ерөнхий сайд ямар хариулт өгснийг тодруулъя.
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт ердөө 30 хувьтай байна гэх мэдээллийг сөрөг хүчний зүгээс өгөх боллоо. Ийм доогуур үзүүлэлттэй байгаа нь үнэн үү?
-Тоогоор хөөцөлдөх хэрэг байна уу даа, Засгийн газар байгуулагдаад ердөө 1.7 жил болж байна шүү дээ. Эцсийн эцэст ард иргэдийн амьжиргаа дээшилсэн, бодитой бүтээн байгуулалтаар үр дүнг хэмжинэ үү гэхээс биш. Ер нь бол Засгийн газрын биелэлт 42.6 хувьтай гэсэн тоо гарсан, удахгүй УИХ-аар хэлэлцүүлнэ.
-Авлигажсан төсвийг “цэцэглүүлсэн” албан тушаалтнуудад хэзээ хариуцлага тооцох вэ?
-УИХ-аас 234 обьектын хөрөнгө оруулалтыг царцаасан учраас аймагт бүрт Аудитын ерөнхий газрынхан очиж, шалгасан. Дүгнэлтийг нь УИХ-аар хэлэлцээд, Засгийн газарт ирнэ. Тэр үед тэр, тэр нөхөрт хариуцлага тооц гэсэн асуудал ирэх байх.
-Монголын эдийн засаг хүндэрсэн тухай МАН-ын зүгээс байнга анхааруулж, гарах арга замыг тодорхойлсон зөвлөгөөн хийх боллоо. Үнэхээр муудаад, эдийн засаг сөхөрчихсөн юм уу. Эсвэл сөрөг хүчнийхэн улстөрийн тоглолт хийгээд байна уу. Эдийн засагт сайн үзүүлэлтүүд байвал хэлээч. Хэрвээ эдийн засаг муудсан юм бол түүнээс гарах арга замыг тодорхойлж байгаа юу?
-Эдийн засаг өнөөдөр сайнгүй байгаа нь үнэн, худлаа гэж хэлэхгүй. Монгол гэдэг айлын олдог орлого багассан. Дэлхийн эдийн засаг өнөө жил өнгөрсөн жилийнхээс бүр муу байгаа учраас нөлөөлж байна. Дэлхийн эдийн засаг муудахаар Монголд яаж нөлөөлдөг юм бэ гэхээр экспортолж байгаа бүтээгдэхүүний үнийг унагачихдаг. Жишээ нь нүүрсний үнэ өнгөрсөн жилийнхээс муу байгаа. Гэхдээ нүүрсний үнэ муу байна гэж буруугаа чихэх биш Засгийн газар, төв банк хамтраад тодорхой ажлуудыг хийж эхэлж байгаа. Тухайлбал, яавал нүүрснийхээ экспортын хэмжээг нэмэгдүүлэх вэ, ингэвэл орлого өснө. Дээр нь барилгын салбарыг дэмжих бодлогоо энэ хавраас эхлүүлнэ. Ноолуурыг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоход анхаарал тавьж байна. Энэ мэтчлэн санаж сэдэж байгаа ажил бий.
Эдийн засагт санаа нь зовоод хурал, зөвлөгөөн хийж байгааг буруутгах аргагүй, зөв. Зөвхөн Засгийн газрын эдийн засаг гэж байхгүй, Монгол Улсын эдийн засаг учраас. Тийм болохоор хамтарч, үүнээс гарах ямар арга замууд юу байна вэ гэдгийг тодорхойлж гаргах нь чухал. Засгийн газар тодорхой саналууд дээр ажиллаж байна. Ирэх долоо хоногт хаврын чуулган эхэлнэ. Тэгэхээр ойрын хугацаанд ийм арга хэмжээ авах нь зүйтэй юм аа гэдгийг гаргаж тавина.
-Шинэчлэлийн Засгийн газар амралтгүй ажиллана гэсэн нь яасан бэ. Намрын чуулганы завсарлагаатай зэрэгцээд бямба гаригт амардаг болчихлоо?
-Засгийн газар байгуулагдаад 1.7 жил болж байгаа. Энэ хугацаанд Шинэчлэлийн Засгийн газар ихэнх саруудад амралтгүй ажилласан. Гэхдээ намрын чуулган завсарласны дараа, хүн юм болохоор сайдууд ядарч эмнэлэгт хэвтэх байдал ихэссэн. Тийм учраас намрын чуулганы завсарлагааны үеэр Засгийн газрын хуралдааныг долоо хоног бүрийн баасан гаригт хийхээр урагшлуулсан. Энэ нь амралтгүй ажиллахаас буцсан хэрэг биш, танхимын гишүүдийнхээ эрүүл мэндийг бодож гарган шийдвэр. Ирэх долоо хоногийн бямба гаригаас эхлэн Засгийн газар ээлжит хуралдаанаа хийнэ. Мөн Засаг дарга нар ч хариуцсан салбараараа явж танилцдаг. Энэ бүхэн амралтын өдрөөр болдог, үргэлжилнэ.
-Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарыг огцруулах ёстой гэж парламентын гаднах намууд шаардах боллоо. Энэ асуудалд ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буучихсан байхад Д.Ганхуяг сайдыг хараагаад байж болж байна уу, үгүй юу. Хэдүүлээ ярих л асуудал.
-Засгийн газрын харьяа 11-11 төвд Сангийн сайд ажиллах үеэрээ 50 мянгатын дэвсгэрт хэвлэхээр ажлын хэсэг судалж байна гэж хэлсэн. Та болохоор үгүй гэх. Хэн нь үнэн яриад байна вэ?
-Би өнөөдөр Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалаас “Та бүхэн 50 мянгатын дэвсгэрт хэвлэх гэж байгаа юм уу” гэж асуусан. “Үгүй” гэж хариулсан, тэгэхээр цуурхал.
-Дулааны үнийг хоёр дахин нэмэгдүүлнэ гэх?
-Дулааны үнийг хоёр дахин өсгөнө гэдэг ойлголт угаасаа байхгүй.
-Эдийн засгийг сэргээхэд Оюутолгой төслийг эрчимжүүлэх шаардлагатай гэж эдийн засагчид зөвлөж байна. Засгийн газар хөрөнгө оруулагч талтай эл асуудлаар ярилцаж байна уу?
-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан үеэс Оюутолгойн гүний уурхайгаа ашиглах ёстой гэж үзэн яаравчлуулж, энэ асуудалд бэлэн байгааг ямагт илэрхийлж ирсэн. Өнгөрсөн долоо хоногт “Рио Тинто”-гийн том захиралд захиа бичсэн, Монгол Улс ашиглахад бэлэн байгаа шүү гэсэн агуулгатай. Харин хөрөнгө оруулагчид яагаад хөдлөхгүй байна вэ гэхээр дэлхийн эдийн засгийн байдал муу, нэг хэсэг зэсийн үнэ унасан. Тийм учраас хөрөнгө оруулагч тал төдий л яарахгүй байгаа байдал байна.
-Хөгжлийн банк шинэ төмөр замын санхүүжилтийг гаргаж өгөхгүй байна гэх юм?
-Хоёр яамны шийдэх асуудал шүү дээ.