Эрчим хүчний бүтээн байгуулалт өрнөнө

Хуучирсан мэдээ: 2014.04.03-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний бүтээн байгуулалт өрнөнө

-Эрчим хүчний бүтээн байгуулалтыг хийх компаниудтай гэрээ байгууллаа-

Засгийн газраас баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд энэ жил эрчим хүчний салбарт шинээр хийх ажлын гүйцэтгэгч компаниудтай өнөөдөр гэрээ байгууллаа. Тодруулбал, энэ жил нийслэлийн дулаан, цахилгааны хангамжийг сайжруулах зорилгоор эрчим хүчний салбарт хийх бүтээн байгуулалтыг  Эрчим хүчний яам, Хөгжлийн банк, ажил гүйцэтгэх компаниуд хамтран ажиллах юм. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, тус банкнаас санхүүжүүлж байгаа төслүүдээс эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтын ажлууд шуурхай гүйцэтгэлтэй байгааг онцоллоо.

Өнөөдөр гэрээ байгуулсан гүйцэтгэгч компаниуд:

1.    “Нью прогресс” ХХК
2.    “М-Си-Эс Интернейшнл” ХХК
3.    “Энергосервисмонтаж” ХХК
4.    “Альяанс-Тех” ХХК болон “Тэргүүн инвест” ХХК-ийн түншлэл
5.    “Мегаденки” ХХК болон “Смарт-Крафт” ХХК-ийн түшнлэл
6.    “БСД-Од” ХХК
7.    “Гкал” ХХК
8.   “Хасу мегаватт” ХХК компанид энэ онд эрчим хүчний салбарт хийх бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр ажиллахаар боллоо.

Шинэчлэлийн Засгийн газрын “Утаагүй Улаанбаатар”, “Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт”, “Орон сууцжуулах” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд эрчим хүчний хэрэгцээ, шаардлага асар их гарна. Тиймээс Эрчим хүчний яам энэ жилийг бүтээн байгуулалтын жил болгон зарласан талаар өнөөдөр гэрээ байгуулах үеэр ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт хэлсэн.  Ийнхүү их бүтээн байгуулалтад орж ажиллах компаниудын сонгон шалгаруулалтыг өнгөрсөн нэгдүгээр сард зохион байгуулсан бөгөөд өнөөдөр албан ёсоор гэрээгээ үзэглэлээ.

Энэ талаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогтоос тодрууллаа.

-Гэрээний хүрээнд ямар ажлуудыг хийж гүйцэтгэх вэ. Ингэснээр ямар үр дүн гарч, эрчим хүчний хүчин чадал хэрхэн нэмэгдэх бол?

-Ер нь Шинэчлэлийн Засгийн газрын “Утаагүй Улаанбаатар”, “Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт”, “Орон сууцжуулах” хөтөлбөрүүдийн хүрээнд Улаанбаатар хотод 300 Гкал хүчин чадалтай “Амгалан” дулааны станц, Гуравдугаар цахилгаан станцын 50 МВт –ын өргөтгөл, Дөрөвдүгээр цахилгаан станцын 100 Мвт-ын өргөтгөл, мөн 210 МВт-ын дэд станц баригдаж дуусч байна. Ингээд цахилгааны суурилагдсан хүчин чадал 173 Мвт, дулааны эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадал 588 Гкал-аар тус тус нэмэгдэнэ.

-Хөдөө орон нутагт эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтыг хэрхэн хийх вэ?

-Дорнодод гэхэд 100 Мвт-ын хүчин чадалтай цахилгааны эх үүсвэр бий болгох, Эрдэнэт, Дархан 35 мВт-ын өргөтгөл хийх, Тавантолгойн цахилгаан станц гээд  бүтээн байгуулалтууд бий.

-ТЭЦ-5-ыг барина гэсээр удлаа. Бүтээн байгуулалт нь хэзээ дуусах бол?

-ТЭЦ-5 2016 онд эхний ээлж ашиглалтад орно. Түүнээс өмнө дээр хэлсэнчлэн гол эх үүсвэрүүдийнхээ хүчин чадлыг нэмээд авсан, энэ зунаас ашиглалтад авах учраас дараагийн том эх үүсвэр бий болтол нийслэл, хөдөөг эрчим хүчээр тасралтгүй хангаж, хомсдолгүй болох боломжтой.

Энэ жил эрчим хүчний бүтээн байгуулалтад орж ажиллахаар гэрээ байгуулсан “Нью Прогресс” ХХК-ийн  Ерөнхий инженер Г.Сономжамц:

-Манай компанийн хувьд Эрчим хүчний яамны захиалгаар энэ жил 13.9 тэрбум төгрөгийн ажил хийж гүйцэтгэхээр болсон. Ингэхдээ 10 КВт агаарын цахилгаан дамжуулах шугамыг Нисэхийн орчим дахь гэр хорооллын айлуудад болон шинэ орон сууцны хороолол барихтай холбогдуулан барих юм. Мөн 35 км кабель шугам тавих ёстой байгаа. Нэг дэд станц бас барина. Энэ ажилд манай компанийн арваад инженер, техникийн, мэргэжилтэн, 50 орчим ажилтнууд ажиллана. Өнөөдөр гэрээ байгуулж байгаа болохоор ирэх сард ажлаа эхлүүлэх байх. Энэ хүртэл бэлтгэл бүх ажлуудаа хийх юм.

У.БОЛОР

www.energy.gov.mn
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж