
Энэ жилийн NBA-ын драфт эхлэхэд хэдхэн хоног үлдээд буй энэ үед та бүхэнд драфтын шилдгүүдийг танилцуулсаар байгаа билээ. Энэ удаад та бүхэндээ шилдэг аравт зүй ёсоор багтана хэмээн мэргэжилтнүүдийн үзэж байгаа Эд Дэвис гэгч залууг танилцуулъя.
Түүний бүтэн нэр Эдвард Адам Дэвис. Хүчний довтлогчоор тоглодог энэ залуу 1989 оны зургаадугаар сарын 5-нд Вашингтон хотод төржээ. Түүний эцэг Терри Дэвис 10 улирлын турш NBA-д тоглосон бөгөөд багаас нь өөрөө гардан сагсан бөмбөгийн техникийг зааж сургажээ. Багадаа Хановерийн дунд сургуульд суралцаж байсан тэрбээр сагсан бөмбөгийн шигшээ багт нь тоглож, дунд сургуулийн сурагчийн авч болох бүхий л шагналуудыг авч байжээ. Жишээлбэл, АНУ-ын хөвгүүдын шигшээ багт нэрлэгдэж, тэр жилдээ оны шилдэг тоглогчоор тодорч байсан бөгөөд нэг тоглолтод дунджаар 22 оноо, 14 самбараас бөмбөг авалт, долоон блок шотыг дунджилдаг байжээ. 2008 онд тэрбээр Хойд Каролинагийн их сургуульд элсэн орсноор NCAA-д тоглох болсон байна. Сэлгээнээс тоглодог Дэвис дунджаар 18 минутыг талбайд өнгөрөөж, 6,7 оноо, долоон удаагийн самбараас бөмбөг авалтыг гүйцэтгэж байжээ. Энэ жилдээ тэрбээр бүх рүүки тоглогчдын шигшээ багт нэрлэгдэж байсан байна. Харин өнгөрсөн улиралд түүний амжилт эрс өссөн бөгөөд шилдэг амжилт нь ахисан тоглогчийн шагнал хүртсэн байна. Хэрвээ энэ залуу драфтын долоогоор гарч чадвал “Детройт Пистонс” багт очих магадлалтай байгаа юм.
Г.Баярмөнх
Score Studio