Хайртай юу, хайргүй юу?

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Хайртай юу, хайргүй юу?

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд үргэлж л үл ойлголцол гардаг нь нууц биш. Мэдээжийн хэрэг байгалаас эсрэг хүйстэй заяасан болохоор сэтгэл зүйн онцлог, ялгаа байлгүй яахав. Тиймээс эрчүүдийн бодол санааны тухай эмэгтэйчүүдийн дунд тархсан буруу ойлголтыг сэтгэл зүйн үүднээс тайлж бичсэнийг хүргэж байна.

Би түүнд огт таалагддаггүй Тийм учраас тэр надтай хамт байхдаа яг “тэнэг амьтан” шиг дүр эсгэдэг
-Харин ч бүр эсрэгээрээ юм биш үү. Зарим үед эрчүүд таалагдсан эмэгтэйнхээ дэргэд барьц алдан ердийнхөөрөө байж чаддаггүй. Ажил хэрэгч, төв зан авиртай эр инээд алдан, бүр хөхөрч инээнэ. Хүмүүжилтэй нэг нь болхи бүдүүлэг авирлаж, соёлтой боловсон залуу гэнэт л “бүх ухаанаа гээж” орхидгийг Оросын яруу найрагч Пушкин тун шударгаар бичсэн байдаг юм. Дуу цөөтэй эр таалагдсан эмэгтэйнхээ дэргэд бүр “бүлх залгисан” мэт дуугүй болчихно. Энэ мэтчилэн эр хүн өөрийн дотоод сэтгэлээ нуух гэхдээ тэрхэн агшинд хүүхэд мэт л болчихдог байна. Энэ үед нь түүнийг гоочлох хэрэггүй. Жаал хүү өөрт таалагдсан охиндоо тун ширүүн харьцдагийг сана л даа. Үснээс нь чангааж, түлхээд унагачихна. Энэ нь өөрийн дотоод мэдрэмжээ нууж буй хэрэг. Тэгэхээр эрчүүд ч бас жаал хүүгээс нэг их ялгардаггүй байгаа биз дээ.

Тэр надад цэцэг бэлэглэвэл би түүний анхаарлын төвд орсон гэсэн үг. Би түүнд онцгой таалагдсан бололтой
-Яг тийм байх албагүй. Хэрвээ таны залуу үргэлж “тал засаад” байдаг бол та болгоомжтой байх хэрэгтэй. Ямар нэг далд зорилгоор эмэгтэйчүүдийг халамжилж байж болно. Эсвэл зүгээр л дассан бүсгүйдээ жирийн нэг халамж үзүүлж байж болох юм. Хэрвээ эр хүн эмэгтэй хүнээр ямар нэг бяцхан ахуйн халамж үзүүлэхийг зөвшөөрвөл /товчийг нь хадаж өгөх, номын санд ном хүргүүлэх/ тэр хамгаас үнэтэй. Нэг ёсондоо эрх чөлөөнийхөө “хугасыг” гээхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн хэрэг шүү. Энэ нь хамгийн ойрын хүрээлэлдээ таныг багтаасны илрэл. Танд итгэл хүлээлгэж буйн шинж.

Эрчүүдэд цаг өнгөрөх тусам өөрийн “тэнэглэлээ” дэлгэж байдаг ухаалаг бус бүсгүйчүүд таалагддаг
-Хэрвээ та үнэхээр ингэж боддог бол сул дорой зан чанартай ч түүнийгээ нууж явдаг эр хүнтэй холбогдох аюултай. Сул тал ихтэй эрчүүд эмэгтэй хүнийг “урт үстэй, ухаан богинотой” хэмээн дүгнэх дуртай. Энэ дүгнэлт нь батлагдвал сэтгэл нь ханаж бялуурдаг.

Ер нь таалагдсан эр хүнтэйгээ хэт ухаалаг яриа үүсгэх нь түүний анхаарлыг татах сайн арга биш юм. Хэрвээ эр хүн чин сэтгэлийн яриа өрнүүлвэл, энэ нь танд сэтгэлтэй болсных бус, харин хүндэлж байгаагийн илрэл болно. Учир нь эрчүүд сэтгэлээ ихэвчлэн үйл хөдлөлөөр илэрхийлэх дуртай байдаг юм.
Хэрвээ эр хүн бүсгүйнхээ араас удаан “гүйж” эргүүлбэл хайртайгийн шинж
-Хайртайн илрэл байж болох ч энэ нь хүмүүжил, зан авир, сэтгэл хөдлөл, нөхцөл байдлаас хамааран өөр зүйл болон хувирдаг. Ихэнх эрчүүд таалагдсан бүсгүйгээ өөрийн болгохын тулд маш хурдан шийдвэр гаргадаг бол эмэгтэй хүн эсрэгээрээ. Удаан бодож, үүссэн нөхцөл байдалд хянамгай нухацтай хандаж байж шийдвэрээ гаргадаг. Сэтгэлгээний яг энэ зөрүү нь тэдний хооронд үл ойлголцол үүсгэж, хэрүүл маргаан дэгдээдэг.

Ухаалаг, туршлагатай эр хүн “Чи надад таалагдаж байна” гэж шууд хэзээ ч хэлдэггүй. Учир нь танилцаад удаагүй атал ингэж хэлбэл эмэгтэй хүн “Харин чи надад таалагдахгүй байна” гэж хариулах нь ойлгомжтой. Ингээд л анхны үл ойлголцол бий болсноор цаашдын харилцаа унтарч орхидог. Магадгүй хэсэг цаг хугацааны дараа бүсгүй түүнд хайртай болж болох ч тэр үед залуугийн хайр унтарчихсан байдаг. Ингээд дахиад л үл ойлголцол эхэлнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж