
Нийслэлийн захирагчийн ажлын албанаас айл өрхүүдэд "Азийн цагаан дагина" хогны ногоон уут тараах ажлыг түр хугацаанд зогсоосон байна. Өрх бүрт сард 15 ширхэг хогны уут тараах ажилд хэт их хөрөнгө буюу 4.3 тэрбумыг зарцуулах гэж байгаа нь иргэдээс шүүмжлэл дагуулсан учраас уут тараах эсэхийг нийслэлийн иргэдийн санал авч шийдвэрлэхээр болсон юм. Тиймээс санал асуулга явуулж, асуулгын дүн гартал хогны уут тараах ажлыг түр зогсоожээ.
"Хөндлөнгийн байгууллагуудын иргэдээс авсан саналаар иргэдийн 70 орчим хувь нь хогны уут тараах ажлыг дэмжээд байгаа юм. Хэрэв иргэд дахин дэмжвэл ирэх намраас цагаан, ногоон хоёр янзын уут тарааж эхэлнэ. Энэ хоёр өнгийн уутанд иргэд хогоо ангилан хаях юм" гэж НЗАА-ны Тохижилт, хог хаягдлын хэлтсийн дарга Т.Батбаяр хэллээ.
Д.ЖАРГАЛ