
Өмнө хуралдаж байсан намуудын удирдлагуудын уулзалтаар Б.Жаргалсайхан “Аман дээрх хөхний сүү нь хатаагүй жаалууд” хэмээн басамжилж байсан бол өнөөдөр төрийн ордноо хуралдсан намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалтаар зарим төлөөлөгчид залуусыг улс төрд орж ирэх хугацааг нь ахиулах саналтай байгаагаа ч мөн онцолж байв. Тухайлбал, МҮАН-ыг төлөөлөн Б.Цогтгэрэл хэлэхдээ “Аав, ээжийнхээ өврөөс ч гараагүй хүүхдүүдийг улс төрийн намд аваачиж наачихдаг байдлыг болих хэрэгтэй. Залуус 25 наснаас улс төрийн намд элсэж байна. Үзэл бодол нь ч төлөвшөөгүй залуусыг ингэж намынх болгодог явдлыг болих хэрэгтэй” гэсэн бол Эх орон намын дарга И.Эрдэнэбаатар “Сонгуулийн хуульд 25 наснаас УИХ-д сонгогдох эрхтэй гэсэн байгаа. 25 нас гэдэг бол нэг арван жил, тэгээд нэг их дээд сургуулийг хагас дутуу төгссөн байх үе шүү дээ. Би 40 гаран насандаа сайд болж байсан. Тэр үедээ ярьж хэлж байсан зүйлээсээ одоо ч ичдэг. Гэтэл 25 настай хүүхдүүд юугаа ярих, тэдэнтэй юугаа ярих вэ. Иймд гишүүнээр сонгогдох насыг 40 болгох хэрэгтэй” гэж байв.