Дахиад хэзээ гох дарж, замаг мултрах бол?

Хуучирсан мэдээ: 2014.04.03-нд нийтлэгдсэн

Дахиад хэзээ гох дарж, замаг мултрах бол?

Дэлхийн долоон тэрбум хүний ердөө 2,9-хөн саяар хэмжигдэх Монгол Улсын иргэн, түүний эрүүл мэнд, амь нас ямар үнэтэй вэ…? С.Баярын Засгийн газрын үнэлсэнчлэн 50 сая төгрөг үү. Эсвэл 1,8 жилийн хорих ял юм уу. Долдугаар сарын 1-нд иргэд рүүгээ золбин нохой устгах аятай хороосон хэргийн хариуцлагыг хэн хүлээх вэ. Тэр шөнө дөрвөн хүнийг буудан хороож, нэгийг нь шатсан намын байранд гавлан хөнөөж, гурван хүн, нэг хүүхдийг буудан эрэмдэглэсэн хэрэгт буруудсан хүн байна уу?

Б.Галдаа прокурорын хэлсэнчилэн Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр “Буудах эрх өгөөдөх” гэж орилж явсан хүн одоо хаана явна аа. Тэр хэн байсан бэ? Хэрэв “Харанхуй болсон хойно амьтны амь таслуулахгүй” гээд хонь муулахыг нь хориглоогүй бол өнөөдөр талийгаач н.Мөнх-Эрдэнэ амьд сэрүүн байх байсан гэж ээж нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай уулзахдаа цурхиран уйлж байсан нь одоо ч нүдэнд харагддаг. Хүүгийнх нь амийг хөнөөх нөхцөл байдлыг бий болгосон генерал Ч.Амарболдыг ялынхаа тал хугацааг биеэр эдэлж, сахилгын зөрчил гаргаагүй гээд өнөөдөр суллаж байна. Цөхөрсөн эх хүүгийнхээ араас төрдөө итгэх итгэлээ бас булшилсан. Хэн ч үүнд хариуцлага хүлээгээгүй болохоор тэр.

Монголд ингэж л иргэд хохирдог бол эрх мэдэлтнүүд ял завшдаг. Хувийн итгэл үнэмшил маань Монголын төр иргэнийхээ зөрчигдсөн эрх ашгийг хамгаална гэж итгэдэг байлаа. Юмны үнэ өсөхийн хэрээр юунд ч, хоол хүнсэндээ ч хүрэлцэхээ больсон цалинтай минь адил тэрхүү итгэл үнэмшил маань улам бүр алсалсаар л байна. 2008 оны сонгуулийн дараах үймээний үеэр албан тушаалаа урвуулан, албан үүргээ биелүүлээгүйгээс төрд онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдож, 3.6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Ч.Амарболдыг суллажээ. Мөн энэ хэрэгт 2.6 жилийн хорих ялаар шийтгүүлэн хоригдож байсан  нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригтыг өнгөрсөн аравдугаар сард хугацаанаас нь өмнө сулласан.

Иргэдийнх нь амь нас, эрүүл мэнд хохирч, төрийн цагдаа нь нохой шиг буудаж байхад ганц үг гав хийлгүй, асуудлаас зугтсан хэрнээ олимпоос алтан медаль хүртэхэд “Би Монгол Улсын Ерөнхий сайд байна, Ура” гэж хэн болохоо санаж, хамгаалагчаараа түшүүлээд согтуу  “гуагчин” зогссон тэр нөхөр одоо хаана явна вэ. С.Баярыг АНУ-д Вашингтонд дөрвөн сая доллараар эдлэн аваад амьдарч буй талаар хэвлэлээр бичиж байна.  Долдугаар сарын 1-ний хэргийн УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин “Долдугаар сарын 1-нээс илүү Сонгуулийн хуулийн асуудал одоо чухал байна” гэж хэлж байсан шиг тэдэнд үнэхээр өөрсдөө сайн сайхан явах, сонгуулиар эрх мэдлээ улам бүр лавшруулах л чухал. Хэргийн эзэн хэнгэргийн тохиурууд нь улстөрчид л байсан. Тэгээд ч энэ хэрэг огтоос баримтгүй, гэрчгүй, эзэн нь тогтоогдоогүй хэрэг биш“.

Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Зоригтын өгсөн үүргийн дагуу 01.00 минутад жижиг оврын 7 автомашиныг НЦГ-ын хашаанд байрлаж байсныг гаргаж чанга яригчаар ухуулга, сурталчилгаа хийлгүүлэхээр томилсон. Соёлын төв өргөөний ар талд болсон МАХН-ын байрны урд талд бөөгнөрсөн танхайрч байсан бүлэг этгээдүүдийг тараах зорилгоор 01.30 цагаас 7 автомашинтай Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан "Онц байдлыг тогтоосон" зарлигийг танилцуулж, хууль сануулан, цагдаагийн байгууллагын алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй иргэдийг баривчлан НЦГ-ын Албадан саатуулах баривчлах төв байранд хүргэн өгч ажилласан болно” гэж Эргүүл хамгаалалтын газар Хууль зүйн яаманд зориулан гаргасан протоколд тэмдэглэн үлджээ. Харин Нэгдсэн I эмнэлгийн эмч, сувилагч нар энэ үеийн нөхцөл байдлын тухай “01,40 цагт буудуулж орж ирсэн хүмүүст сэхээн амьдруулах тусламж үзүүлж байхад гадаа хүмүүсийг бороохойгоор зодож хашгаруулж байгаад том машинд ачаад аваад явсан. Мэанай хүнд өвчтөний сахиул гадаад машиныхаа тэнд зогсч байгаад баривчлагдаад явсан” гэж гэрчилдэг. Цагдаагийн долоон машин 01,30 цагт гарч МАХН-ын байрны урдуур буюу I эмнэлгийн хойгуур явсан. 01,40 хүмүүс буудуулж орж ирсэн гээд хөөгөөд үзэхээр тэр хэн байсан бэ гэдэг хэнд ч ойлгомжтой зүйл. Ийм болохоор л цагдаагийн удирдлагуудыг баривчлан шүүх үеэр үхэн хатан “Монголын цагдааг хэлмэгдүүллээ” гэж ирээд л бөөн юм болж байсан. Аргагүй л дээ. Бүх зүйл тодорхой болохоор хэн буудсан, хэн буруутай вэ гэдгээс эхлээд хэргийн зангилаа тайлагдах болохоор тэр. 

Тухайн үед Онц байдлын штабыг ахалж байсан Хууль зүйн сайд Ц.Мөнх-Оргил гэхэд “Цагдаагийн бие бүрэлдэхүүн галт зэвсэг огтхон ч хэрэглээгүй. Хүний амь нас сүйдээгүй” гэж хэргийг нуун дарахаар ярьж байсан бичлэг нь интернэтэд бий. Харин Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа “Шалгалтаар галт зэвсэг хэрэглэсэн, тэр нь гадных биш цагдаагийнхнын хүрээнд хэрэглэсэн юм байна гэдэг нь тогтоогдсон. Шинжээчид ч баталсан” гэж хэлж байхыг нь би хоёр дэлдэнгээрээ сонс байлаа. Ийм л зүйл болсон. Гэтэл хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Буудуулсан арав орчим залуусын ар гэрийнхэн амьдын тамд унаж, шар махтайгаа хатаад л үлдэж байна. 

Хатуу орчлонгийн адармаатай нугачаанд хайртай хүүгээ алдан энэлэн гашуудаж, шударга ёс хаана байна, бурхан чи байдаг юм уу гэж хэлж яваа ядарсан эцэг энэ бүхэнд бухимдахдаа “Анхнаасаа улс төрийн тоглоом байсан. Одоо ганцхан арга хэмжээ авч болно. Энэ бол хувийн арга хэмжээ” гэж үгээ барж сууна.

Тэр хууль, журам, цагдаа хяналтынханд итгэл алдаж цөхөрч, будилж яваа эр. 2008 оны долдугаар сарын 1-нд том хүү нь цагдаагийнхны тавьсан суманд амиа алдсан. Ардчилсан намыг асуудалд бодитоор хандах байх гэхдээ сонгуулиар дэмжиж “Долоон сарын 1 бол эрх баригчдын эсрэг шударга ёсыг эрхэмлэсэн ард түмний давалгаа байсан юм” гэх гоё гангангүй хэрнээ ямар нэгэн жүжиглэлт, хачиргүй, хөндий хуурмаг царай гаргалгүй чин сэтгэлээсээ хэлсэн үг олон хүнд нэгийг бодогдуулж өнөөгийн эрх баригчдыг Засгийн эрхэнд гаргах боломжид нөлөөлсөн нь гарцааг. “Шударга үнэн ялна” гэж тэд итгэж явсан. Харамсалтай нь Ардчилсан нам нь ч энэ асуудлыг шийдвэрлэж чадсангүй. Адаглаад хариуцлага алдсан нөхдүүдэд оноосон багахан ялыг нь бүтнээр нь эдлүүлсэнгүй шүү дээ.

Аагим зуны халуунд ордны хажууд 45 хоног хэлэндээ талхны үүрмэгч хүргэлгүй өлсгөлөн зарлаж, заримд нь хараалгаж суухдаа тэр төр, тэгээд тэрнийг төлөөлсөн өндөрлөгүүд ямар арчаагүй гэдэгт итгэж чадалгүй тэр хэцүү өдрүүдийг тэсч гарсан биз. Одоо харин тэр хэнд ч итгэхээ байж, төр засаг, түүний түшээд ямар арчаагүй байдгийг мэдсэн. Аргаа барахдаа хувийн арга хэмжээ авна гэж сууна. Монголын төр ингэж энгийн иргэдийнхээ тэвчээрийг бардаг. Тэвчээр нь барагдаад тэмцэхээр буудаж хороогоод гаднаас хуучин ч жийп худалдаж авахааргүй мөнгө санал болгодог. Түүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй хүн хэн нэгнийг золиосолж яллаад, ялынх нь хагасыг эдлүүлээд суллах жишээний. Жинхэнэ хэргийн эзэд нь гадаадад зугаалаад явж буй.

Бид дэндүү цөөхөн ч биднээс бүр ч цөөхөн улстөрчид ийм л увайгүй. Хэзээ мөдгүй тэсрэхэд бэлэн болсон иргэдийнхээ идэх хоолгүй, итгэх итгэлгүй болж буйг тэд анзаарахгүй эргүүтсээр л байгаа. Эцэстээ иргэд мартан гэж бодож байж болно. Мартах нь байтугай хувийн тооцоо бодох болтлоо хорсож явааг яагаад харахгүй байна вэ. Нэг муу ядарсан хөгшин яав л гэж. Балайрвал бариад хийчихнэ гэж бодож буй бол том эндүүрэл. Бүх иргэдээ буудаж, бариад хорьж чадахгүйгээс хойш асуудалд арай бодитоор хандсан нь дээр. Бухимдсан олон босвол ямар их хохирол учирч, хэнийг хамгийн түрүүнд туг дахих бол?! Улайрсан олны уур хилэнг цэрэг хөдөлгөөд дардаггүй гэдгийг дэлхий дахинд болж буй иргэний дайнууд бидэнд сануулсаар байна.

Хүүгээ алдсан, бүр алуулсан хүний зовлонг хүүгээ алуулсан эцэг л ойлгоно. Тэр горьдлого нь өдөр ирэх тусам өөрийг нь зовоохын эрхээр гудамжинд гарч, тэмцэж явсаныг өөрөөс нь өөр хүн ойлгохгүй. Дахиад хэзээ гох дарж, замаг мултарч, жирийн иргэдийн цусыг урсгах гээд байна вэ? Монгол хүний амь хэрэгцээнээс шахагдсан, зэвэрсэн төмөрнөөс ч дор үнэлэгддэг болсон цаг юм уу?

Л.НАРАНТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж