Монголын дипломыг дэлхий зөвшөөрөх нэг алхам

Хуучирсан мэдээ: 2014.04.03-нд нийтлэгдсэн

Монголын дипломыг дэлхий зөвшөөрөх нэг алхам

Их, дээд сургууль, коллежиуд, ТББ-ууд, багш, судлаачдын санал дүгнэлт, хэд хэдэн хэлэлцүүлэгт үндэслэн Боловсрол, шинжлэх ухааны сайд “Мэргэжлийн чиглэл, хөтөлбөр шинэчлэн тогтоох тухай” А/78 тоот тушаал гаргасан байна. Шинэчлэгдсэн индекс нь ЮНЕСКО-гоос баталсан Боловсролын олон улсын стандартад нийцсэн юм.

Жишээлбэл, Математик хэрэглээний,  Математик, программ хангамж, Математик-статистик,  Эдийн засаг-математик загварчлал, Инженерматематик, Инженерийн процессийн загварчлал,  Математик загварчлал-эдийн засгийн кибернетик гэсэн долоон мэргэжил нэг багц болж, Хэрэглээний математик хөтөлбөр болсон. Хэрэглээний математикийн долоон мэргэжил тус бүрт нь 30 гэсэн хяналтын тоогоор элсэлт авч байсан 210 гэж багцлагдана. Тусдаа долоон мэргэжлийг багцалсан болохоос бус хяналтын тоог нь бууруулаагүй. Соёл, урлагийн эдийн засаг, Цэргийн ар талын эдийн засаг гэх зэрэг “зохиомол мэргэжил” байхгүй, ийм онцлогийг хичээлийн нэмэлтээр судалж болох ч “Эдийн засаг” хөтөлбөртөө багцлагдана. Эдийн засагч биш “Цэргийн ар талын эдийн засагч”-ийн ажил эрхлэх, амжилт гаргах зам, сонголт, боломжийг хязгаарласан байдал энэхүү шинэчлэгдсэн хөтөлбөрөөр бүрэн арилах юм.

Тухайлбал, радио, телевиз, сонины сэтгүүлчийн ангид тус тусад нь элсэлт авахгүй, сэтгүүлчээр суралцагсдад шаардлагатай суурь мэдлэг олгох, оюутан нарийвчилсан чиглэлээ гуравдугаар курсээсээ сонгон мэргэших, хамгийн чухал нь диплом олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, “Дэлхийн монгол хүн” болох боломж нээгдэнэ. 2014-2015 оны хичээлийн жилээс өмнө элсэн   суралцаж  буй оюутан элссэн мэргэжлээрээ үргэлжүүлэн суралцаж төгсөнө.  Магистр, докторын хөтөлбөрийн чиглэл индексийг илүү нарийвчлан батлахаар боловсруулалтын шатандаа явж байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж