Энэ удаагийн уулзалтаар Ардчилсан намаас “Smart city” буюу “Ухаалаг хот” сэдвээр мэдээлэл хийсэн юм. Уулзалтад АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг, НИТХ-ын дарга Д.Баттулга, , Нийслэлийн АН-ын дэд дарга Ц.Баатархүү нар оролцлоо.
Уулзалтын эхэнд АН-ын генсек Ц.Оюундарь “2012 онд нийслэлд АН ялалт байгуулж, хотыг удирдан, тодорхой өөрчлөлтүүд хийж байгаа. Үүний нэг нь “Ухаалаг хот” хөтөлбөр юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Ухаалаг төр" санаачилгын хүрээнд нийслэлийн бүтэц, үйл ажиллагааг хэрхэн ухаалаг болгох чиглэл гарган, ажиллаж байна. Ардчилсан намын дотоод үйл ажиллагааны хувьд 2014 оныг дотоод сургалтын жил болгон зарласан. Энэ хүрээнд тав, зургадугаар сард сумдын чуулган зохион байгуулахаар ажиллаж байна. Сумдын чуулганыг хийх төсөв, төлөвлөгөө, сургагч багш нарыг бэлтгэл ажил үргэлжилж байна” гэсэн юм.
АН-ын “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөр болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг дэмжиж Улаанбаатар хотод “Smart city” буюу “Ухаалаг хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэрийг Нийслэлийн ИТХ-аас өнгөрсөн гуравдугаар сард баталсан юм. Ухаалаг засаглал, Ухаалаг эдийн засаг, ухаалаг иргэд, ухаалаг үйлчилгээ, ухаалаг орчин, ухаалаг амьдрал зэрэг нь “Ухаалаг хот”-ыг бий болгох үндэс суурь болох бөгөөд эдгээрийг 2014-2020 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Ухаалаг хот нь зөөлөн дэд бүтэц, төрийн үйлчилгээг цахимжуулах, ажилтны цахим ажлын байр, иргэний вэб нэг цонх, шилэн данс, шилэн тендер, шуурхай удирдлагын төв, видео болон аудио холбооны сүлжээ, мэдээллийн сүлжээ, дата төв байгуулах зэрэг цогц үйлчилгээнүүдээс бүрдэх аж. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь шинэ зууны хотын хөгжлийн чиг хандлага, технологийн дэвшил, иргэдийн хүсэл шаардлага, бизнесийн орчны өөрчлөлтийг шуурхай оновчтой шийдвэрлэх үйлчилгээтэй, технологижсон, ажиллаж амьдрахад таатай ухаалагы хотыг бий болгоно гэдгийг НИТХ-ын дарга Д.Баттулга онцлон хэлсэн. Технологижсон Улаанбаатар гэдэгт wireless сүлжээ, онлайн цаг агаар, чанар хэмжигч, онлайн хяналтын камер, хүний эрүүл мэндийг онлайнаар хэмжигч, тодорхойлогч, интернэтээр хянадаг автомашин, таблет, emap, ebook гэх мэт зүйлс багтжээ.
“Ухаалаг хот” хөтөлбөр хэрэгжсэнээр нийслэл хот ихээхэн өөрчлөлт гарах юм байна. Тухайлбал, Иргэдэд шударга, шуурхай, чирэгдэлгүй, хямд үйлчилгээ бий болгох, хотыг ухаалгаар удирдах сэдээлэл цугларч, авлигагүй, бизнест ээлтэй хот болохоос гадна хотын хэмжээнд сайн засаглалыг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм байна. 2014 онд хот тохижилтын асуудлаар тодорхой үр дүнд хүрч, гэр хорооллын дахин төлөвлөлтийг 20 байршилд барилгын ажил нь энэ жил эхлүүлэх, хотын шинэ төвийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх зэрэг олон ажлыг төлөвлөж ажиллаж байгаа юм байна.
“Ухаалаг хот” хөтөлбөр хэрэгжүүлээд эхлэхээр байгльд ээлтэй, эрүүл мэндэд хоргүй ногоон хот бий болгох боломжтой гэв. “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр нь манай нийслэл шиг орчин үеийн метрополитан буюу их хотод зайлшгүй байх ёстой хөтөлбөр бөгөөд хуучин аргаар шийдэх боломжгүй суурь асуудлуудыг шийдвэрлэх шинэ арга зам гэдгийг хуралд оролцогчид онцолсон юм.