Засагт хариуцлага тооцно гэв

Хуучирсан мэдээ: 2014.04.03-нд нийтлэгдсэн

Засагт хариуцлага тооцно гэв

Монголын улс төрийн намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалт Төрийн ордноо боллоо. МАН-аас санаачлан зохион байгуулсан уг уулзалтад 10 гаруй намын ерөнхий нарын бичгийн дарга нар ирж оролцсон юм.

Энэ удаагийн уулзалтаар Монголын улс төр, эдийн засгийн талаар санал солилцоно хэмээн зар түгээсэн ч засгийн газрын үйл ажиллагааны талаар, сонгуулийн тухай хууль, улс төрийн намын талаар байр суурь гэх сэдвийн хүрээнд ярилцлага өрнүүллээ.

Эхэнд намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нар үг хэлцгээсэн бөгөөд сонгуулийн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор Иргэний хөдөлгөөний намыг төлөөлөн Ж.Занаа “Сонгуулийн хуулийг өөрчлөх ажлын хэсгийг татан буулгаж шинээр байгуулах, сонгуулийн санал тоолох машиныг дахин ашиглуулахгүй байх” саналтайгаа хэлэв. Дараагаар нь МҮАН-ыг төлөөлөн Б.Цогтгэрэл “Ийм уулзалтаа хэвлэл мэдээллийнхэнгүйгээр хийх, улс төрийн намд элсэх насны хязгаарыг нэмэх” санал, Эх орон намыг төлөөлөн И.Эрдэнэбаатар “УИХ-д сонгогдох насыг 40 болгох”, ХМХН-ыг төлөөлөн Б.Одсүрэн “Насанд хүрээгүй хүүхдийг сонгуульд ашиглахыг хориглоно” гэсэн заалтыг хасах, төрийн албан хаагч нэр дэвшихээр бол зургаан сарын өмнө албаа өгсөн байх” зэрэг саналууд гаргав. Сонгуулийн холимог системийн хувьд 38:38 гэж төлөвлөж байгааг ч шүүмжилж “Одоо байгаа хэдэн гишүүдээ УИХ-д мөнхлөх гэсэн санаа” хэмээсэн байна.

Энэ удаагийн уулзалтын зорилго нь уулзалтыг зохион байгуулагч МАН-ын хувьд магадгүй Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг өргөн барихад парламентад суудалгүй бусад намуудыг татан оролцуулах талын санаатай байгаа болов уу гэмээр байв. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг намынхаа хувьд УИХ-ыг татан буулгах хүртэл явна” гэх санаагаа хэлсэн бол МАН-ын УИХ дахь бүлгийн дэд дарга Д.Оюунхорол “Монгол Улсын эдийн засаг мөнгөгүйгээс болж хямраагүй. Энэ Засаг бол түүхэндээ хамгийн их мөнгө зарцуулсан засаг. Төсвөө зөв төсөвлөөгүйгээс болж олон аж ахуй нэгжүүд хаалгаа барьж байна. Ажлаа хийж чадахгүй байгаад хариуцлага тооцох ёстой ” гээд, улсын эдийн засгийн байдал хүндэрсэн тухай тоо баримтыг танилцуулсан юм.

Мөн засгийг хамтран барилцаж буй МҮАН, МАХН-ынханд ч хандсан шүүмж хэлсэн бөгөөд “Улстөрчид бялуунаас жижигхэнийг хүртчихээд тэр тойргоосоо гарч яадахгүй байгаад харамсч байна” хэмээн “чимхэж” орхино лээ. Үүнийг нь дэмжих үгийг Хамаг Монголын хөдөлмөрийн намыг төлөөлөн Б.Одсүрэн хэлсэн бөгөөд “Ард түмний амьдрал дордож байна уу, дээрдэж байна уу гэдгээр Засгийн газарт дүн тавьдаг. Амьдрал улам бүр дордож байгаа тул дүнгээ тавья. Засгийн газрыг огцруулж, чаддаг хүнээр нь ажлаа хийлгэе” гэсэн байна.

Зарим төлөөлөгчдийн хувьд засгийн эрхийг барьж байсан МАН-д ч шүүмжлэлтэй хандаж байгаагаа хэлсэн бөгөөд эдийн засгийн хүндрэлээс гарах гаргалгаа нь юу байх вэ гэх асуултыг тавьсан байна. МАН-ын бүлгийг дэд даргын өгсөн хариулт нь тун товчхон буюу “Засагт хариуцлага тооцох” гэдэг үг байсан юм.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж