Ерөнхий сайд Н.Алтанхуяг Говьсүмбэр аймагт ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2014.04.02-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Говьсүмбэр аймагт ажиллалаа

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Говьсүмбэрт ажиллах үеэрээ “Шивээ-Овоо” нүүрсний уурхайн үйл ажиллагаатай танилцлаа. Тус уурхайн удирдлага ажлаа аваад жил гаруй болж буй бөгөөд энэ хугацаанд ажилчдын цалингаас бусад зардлыг 5 тэрбум төгрөгөөр бууруулж ажилласан, энэ 2014 онд мөн 5 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гаргахаар ажиллаж байна гэж танилцуулсан бөгөөд нүүрсний үнэ нэмэхийг урьтал болголгүй, үйлдвэрийн зардлаа бууруулж ажилласныг Ерөнхий сайд сайшаалаа.

“Шивээ-Овоо” нүүрс борлуулалтын 90 гаруй хувиа “Дулааны IV цахилгаан станц”-д борлуулдаг бөгөөд нүүрсний төлбөр дутуу төлөгдсөнөөс хуримтлагдсан 2,7 тэрбум, Дорноговь, Төв, Налайхын дулааны станц зэрэг байгууллагуудаас нийт 5 тэрбум төгрөгийн авлагатай ажээ. Үүнд анхаарч  өгөхийг уурхайн удирдлага хүслээ. Энэ асуудлаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гаргах нь зүйтэй гэж  Ерөнхий сайд хэллээ.

Ерөнхий сайд Говьсүмбэр аймгийн иргэдтэй уулзаж, тэдний асуултад хариуллаа.

Шинэчлэлийн Засгийн газар ил тод нээлттэй ажиллаж байгаа. 2014 онд “Монголдоо бүтээцгээе” зорилт тавьсан, импортыг орлох, экспортыг дэмжих үйлдвэрлэлийг дэмжиж ажиллана. Хувийн хэвшлийнхэн энэ зорилтыг дэмжиж, зүтгэж ажиллаж байна гэж уулзалтын эхэнд хэллээ.

Засгийн газраас Сумын хөгжлийн сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлийг иргэдэд олгож буй. Ажилтай, орлоготой болгох хөтөлбөрийн хүрээнд ажил эрхлээгүй хүмүүст мэргэжил олгох, 40-өөс дээш насныхны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, “Оюутнуудын цагийн ажил” зэрэг хөтөлбөр хэрэгжүүлж, иргэдээ ажилтай, бүтээлч болгох, импортоор авах бүтээгдэхүүний тоог цөөрүүлэхийн төлөө Засгийн газар анхаарч ажиллаж байна.

Аймагт бүрт 1000 айлын орон сууц хөтөлбөр хэрэгжинэ, аймгийн төвд орон сууц худалдаж авсан иргэдэд Улаанбаатарчуудтай ижил боломж олгож, 8 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулна. Энэ хүүг орон нутагт 7 болгож бууруулах судалгааг хийж байна. Хувийн орон сууцны барилгыг 8 хувийн зээлд хамруулахаар төлөвлөж байна. Аймгийн төвүүдэд Оношилгооны төв байгууллаа. Аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох ажлыг ид хийж байна. Энэчлэн Шинэчлэлийн Засгийн газар аймаг бүрийг хот болгох, Монголдоо сайхан амьдрах боломжийг бүрдүүлэхийн төлөө зорьж байна гэж Ерөнхий сайд хэллээ.

Орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээний хөрөнгийг шийдвэрлэх, аймгийн нэгдсэн эмнэлэгтэй болох, ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн барилгыг шинээр барихад Засгийн газраас дэмжлэг өгнө үү” гэсэн хүсэлтийг аймгийн удирдлагууд Ерөнхий сайдад тавилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харицлах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж