УИХ-ын дарга Элчин сайд Фан Данг Дуонг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2014.04.02-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Элчин сайд Фан Данг Дуонг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Социалист  Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фан Данг Дуонгийг Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан өнөөдөр / 2014.04.02 / Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга уулзалтын эхэнд, ноён Элчин сайдыг Итгэмжлэх жуух бичгээ барьж, үүрэгт ажилдаа орж байгаад нь баяр хүргээд ажлын амжилт хүслээ. Тэрээр Монгол Улс, Вьетнам улстай уламжлалт найрсаг харилцаатай бөгөөд сүүлийн жилүүдэд харилцаа, хамтын ажиллагаа идэвхжиж, дээд өндөр хэмжээний уулзалтууд нэмэгдэж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өнгөрсөн онд БНСВУ-д хийсэн төрийн айлчлал хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой болсон гэдгийг онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн Монгол Улс Зүүн өмнөд Ази дахь уламжлалт түнш орон болох БНСВУ-тай улс төрийн яриа хэлэлцээг бүх түвшинд идэвхжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, хөдөлмөрийн харилцаа, батлан хамгаалах, хууль сахиулах зэрэг салбарт өргөжүүлэх, мөн бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө байгааг онцоллоо.

Ноён элчин сайд Фан Данг Дуонг 11 жилийн дараа Монгол Улсад дахин ирж ажиллах болсондоо баяртай байгаагаа хэлээд, УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархсанаа илэрхийллээ. Мөн тэрээр Монол Улсад ажиллах гурван жилийн хугацаанд УИХ-ын дарга болон гишүүд бүх талаар дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа дуулгалаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж