
“Иргэний шударга шүүх” төрийн бус байгууллагаас төрийн гурван өндөрлөгт хандан шаардлага хүргүүлэхээр болжээ. Тус байгууллагынхан “Төрийн албан хаагчдын сахилга бат, хариуцлагыг сайжруулах ажлаа эрчимжүүл” гэсэн байна. Ялангуяа, төрийн албан хаагчдаас төсөвт учруулсан хохирлыг барагдуулах, тэдний алдаатай шийдвэрүүдийг дахин хянаж, иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, төрийн албаны дотоод хяналтыг иргэний байгууллагад шилжүүлэхийг шаарджээ. Тэдний тооцоолсноор төрийн албан хаагчдын буруу шийдвэрийн улмаас иргэд, аж ахуйн нэгжид учирсан хохирол 23 тэрбум төгрөгт хүрч байжээ. Энэ нь олон жилийн турш яригдсан Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын хохирол юм байна. Үүнийг 2011, 2012 онд улсын төсвөөс барагдуулсан. Гэхдээ энэ бол төсөвт учруулсан хохирол гэж Х.Бат-Ялалт нар үзэж байгаа аж. Мөн төрийн албан хаагчид, цагдаа, прокурор, шүүх байгууллагын шийдвэрт гомдолтой яваа иргэд олон байгаа бөгөөд тэдгээрийн гомдолыг хянан барагдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээх ажлын хэсэг зохион байгуулж ажиллахыг төрийн өндөрлөгүүдээс шаарджээ.