Сар шинийн барилдааны зургаагийн даваанд өрсөлдөгчдөө спортын бус алдаа гаргасан Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Улсын харцага Ц.Содномдоржийн барилдах эрхийг сэргээгээгүй гэдгийг Монголын Үндэсний бөхийн холбооноос хэллээ. Ирэх ням гаригт буюу дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Монгол бөхийн өргөөнд болох Дөрвөн уулын хишиг цувралын “Сонгино хайрханы хишиг” барилдаанд Улсын харцага Ц.Содномдоржийг барилдана гэсэн хүлээлт бөхийн хорхойтнуудын дунд байсан юм. Гэсэн ч дөрвөн сарын турш барилдах эрхээ хасуулсан Улсын харцага Ц.Содномдорж “Сонгино хайрханы хишиг” барилдаанд зодоглохгүй нь тодорхой боллоо.
2014 оны хоёрдугаар сарын 12-нд МҮБХ-ны шийдвэрээр, Модон морин жилийн сар шинийн барилдааны зургаагийн даваанд улсын харцага Ц.Содномдорж улсын гарьд Б.Гончигдамбын зүүн гарыг мөр тохойны үеэр нь хөшиж, зохисгүй үйлдэл гаргасан буруутгаж, заал, танхимын барилдаанд барилдах эрхийг нь дөрвөн сарын хугацаагаар хассан билээ.
МҮБХ-ны гаргасан шийдвэр ёсоор Улсын харцага Ц.Содномдорж зургадугаар сарын 12-ноос хойш барилдах эрхтэй болох юм.
Б.БИЛЭГ