Гишүүд Филиппин улсын туршлагаас судлав

Хуучирсан мэдээ: 2014.04.02-нд нийтлэгдсэн

Гишүүд Филиппин улсын туршлагаас судлав

УИХ-ын гишүүд Филиппин улсын эмийн зохицуулалтын үйл ажиллагаатай танилцаж байна

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ, Д.Сарангэрэл, Я.Содбаатар болон албаны бусад хүмүүс Филиппин Улсын эмийн зохицуулалтын үйл ажиллагаа, Эмийн хууль, хүнс эмийн байгууллагын эрх зүйн орчин, удирдлага, зохион байгуулалтын тогтолцоотой танилцаж, туршлага судалж байна.

Улсын Их Хурлын гишүүд энэ хүрээнд тус улс чанартай, аюлугүй хямд эмээр хүн амаа хэрхэн хангаж буйтай танилцаж байгаа юм. Филиппин Улсын эмийн зохицуулалтын байгууллага хагас зуун жилийн түүхтэй бөгөөд бүс нутагтаа жишиг болж байгаа ажээ.

Хэдийгээр Монгол Улсад зах зээлийн зохицуулалттай эмийн борлуулалт байгаа боловч бусад орнуудаас 3-5 дахин өндөр үнээр эм тариагаа авч байгаа нь анхаарал татсан асуудлуудын нэг болоод байгаа билээ. Филиппин, Япон, Хятад, Энэтхэг, Индонез, Солонгос зэрэг оронд эмийн асуудлыг бие даасан, хараат бус эмийн зохицуулалтыг байгууллагын хүрээнд шийдвэрлэдэг төдийгүй зарим нь хүнс эмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бол нөгөө хэсэг нь эмийн агентлаг байгуулан ажилладаг байна. Эдгээр үйл ажиллагааг явуулахад бие даасан 10-15 хууль үйлчилдэг бөгөөд ингэснээр хүн амаа чанартай, аюулгүй хямд үнэтэй эмээр хангах, шуурхай үйлчилгээ үзүүлэх төрийн үүргээ биелүүлж чаддаг байна. Манай орны хувьд эмийн нэгдсэн зохицуулалтын байгууллага байдаггүй. Харин Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар зэрэг хэд хэдэн байгууллага байгаа ч үйл ажиллагаа нь уялдаа холбоогүй салангид байдгаас эмийн талаар төрөөс баримтлах бодлого төдийлөн үр дүнд хүрдэггүй хэмээн Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банкны төслийн мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Гэхдээ хүн ам цөөтэй манай орны хувьд эмийн зохицуулалтын ямар хувилбар илүү оновчтой байх талаар судалгаа явуулсаны үндсэн дээр эцсийн шийдвэр гаргах ажээ.

Манай улс эмийн талаар баримтлах төрийн бодлогоо 12 жилийн өмнө баталж, тодорхойлсон. Тус бодлогод эмчилгээний өндөр идэвхтэй аюулгүй чанарын баталгаатай эм хэрэглэх нөхцөл бүрдүүлэх хүн эмнэлэг, мал эмнэлэгийн байгууллага болон хүн амыг боломжийн үнэтэй шаардлагатай эмээр тасралтгүй хангах эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэнэ гэсэн байдаг. Тэгвэл өнөөдөр цаг үе өөрчлөгдөж эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг цаг үе, олон улсын жишигтэй уялдуулан өөрчлөх хэрэгтэй байгаа бөгөөд энэ хүрээнд Улсын Их Хурлын гишүүд тус улсад туршлага судалж байгаа юм.

Эх сурвалж: www.parliament.mn

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж