Питер Жексон хувийн онгоцоо эрэлд илгээжээ

Хуучирсан мэдээ: 2014.04.02-нд нийтлэгдсэн

Питер Жексон хувийн онгоцоо эрэлд илгээжээ

Энэтхэгийн далайд осолдсон Малайзын агаарын тээврийн Боинг 777-200 онгоцны хар хайрцагны дуут дохио илгээгчийн цэнэг дуусах дөхсөн учир олон улсын эрэл улам эрчимжээд байна. Боинг 777-200 онгоцны хар хайрцагны дуут дохио илгээгчийн цэнэг 30 хоног хүрэлцээтэй аж. Гэтэл Куала Лумпураас Бээжинг чиглэн хөөрснийхөө дараа холбоо тасарсан 370-р нислэг сураггүй болоод 26 хонож байна. Сураггүй болсон онгоцны эрэлд одоогийн байдлаар долоон орны баг оролцож буй аж. Үүнд: Шинэ-Зеланд, Австрали, Хятад, Япон, Малайз, Өмнөд Солонгос, АНУ-ын нийт арван онгоц, есөн хөлөг онгоц хайгуулын ажил гүйцэтгэж байна. Мөн Их Британийн Батлан хамгаалах яамнаас Боинг 777-200 онгоцыг хайх ажилд “HMS Tireless” шумбагч онгоцоо ашиглахаар өнгөрсөн шөнө /IV.1/ Энэтхэгийн далайд авчирчээ. Энэ шумбагч онгоц Энэтхэгийн далайн 15770 км талбайд самналт, хайгуул хийх аж. 

Үүний зэрэгцээ “Hobbit” киноны найруулагч Питер Жексон 239 хүний хамт сураггүй болсон Боинг 777-200 онгоцыг хайхад зориулж “Gulfstream G650” хувийн онгоцоо илгээсэн байна. Шинэ-Зеландын найруулагч Питер Жексон бизнесийн зориулалттай тус онгоцыг өнгөрсөн гуравдугаар сард худалдаж авчээ. Уг онгоцны үнэ 80 сая ам.доллар аж. “Gulfstream G650” онгоц нь зарим төрлийн цэргийн онгоцноос илүү хурдан, хол зам туулдаг бөгөөд зогсолтгүйгээр 12964 км замыг туулах чадвартай гэнэ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж