Хүүхдүүдэд унших ном байна уу!

Хуучирсан мэдээ: 2014.04.02-нд нийтлэгдсэн

Хүүхдүүдэд унших ном байна уу!

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-нд Олон улсын хүүхдийн номын өдөр тохиодог. Энэ өдөрт монголчууд төдийлөн ач холбогдол өгдөггүй юм. Инээдмийн баяр гэвэл хүн хуурах гээд нүд нь сэргээд ирдэг хүмүүс шүү дээ. Дөрөвдүгээр сарын эхээр ерөнхий боловсролын сургуулийн хаврын амралт тохиодог болохоор ч энэ өдөр инээдмийн баяр, хошин шогийнхны сүр сүлдэнд дарагдаад нам гүмхэн өнгөрдөг болсон.

Сүүлийн үед
этгээд үг хэллэгтэй, алдаа мадаг ихтэй
хүүхдийн ном багагүй худалдаалагдах болсон. Виагра ууж бэлгийн чадвараа дийлэхээ
байсан эрийн тухай, аавыгаа зодоод алчихдаг "муухай" хүү
гийн тухай, хүүхдүүд битгий хэл томчууд уншаад буруу үлгэрлэл авмаар хүүхдийн гэх тодотголтой номнууд олон байна. Үнэндээ хүүхдийн нэрээр ашиг хонжоо хөөгдсөд оюуны талхыг нь хүртэл бохирдуулж байгаатай эцэг, эхчүүд бид тэмцэх ёстой.  Бидний хүүхдэд унших ном байна уу гэдэгт асуултад хариулт авах нь энэ удаагийн сурвалжлагын гол зорилго байлаа.


Уншихгүй бол сэтгэхгүй гэдэг. Тэгвэл Монголд хүүхдийн нас бүрийн
сэтгэхүйн онцлогт тохирсон ном дэлгүүрүүдээр хэр их худалдаалдгийг
сонирхлоо.

Хамгийн түрүүнд эцэг эхчүүд ямар ном ихэвчлэн худалдаж авдгийг сонирхохоор “Интерном” их дэлгүүрээр очлоо.  Тус дэлгүүр нь хүүхдийн номын тусгай тасагтай юм байна. Энд зургийн, үлгэрийн, шүлгийн гээд л хүүхдэд зориулсан олон ном худалдаалж байна. Тус дэлгүүрийн хүүхдийн номын тасагт цөөн хүн үлгэрийн ном уншиж, сонирхож байгаатай тааралдлаа. Харин “Бестселлер” буюу өнгөрөгч долоо хоногт худалдаа, ашиг орлогоороо тэргүүлсэн номын жагсаалт бүхий тусгай булан байна. Өнгөрөгч долоо хоногт “Би цэвэр бичигтэн болно”, “Таван настай хүүхдийн зүүн тархийг хөгжүүлье”, “Таван настай хүүхдийн баруун тархийг хөгжүүлье”, “Хичээнгүй бичиг” зэрэг сурах бичгийн номууд хамгийн их борлуулагджээ. Үлгэрийн номноос “Ханс Кристиан Андерсаны үлгэрүүд”, “Монгол ардын үлгэрүүд” гэсэн номууд борлуулт сайтай байдаг гэдгийг Интерном дэлгүүрийн худалдагч хэлж байлаа. Үүнээс харахад монголчууд хүүхдийнхээ хичээлийн холбогдолтой номыг худалдан авч байна. Харин үлгэр, оньсого, зүйр цэцэн үг, зургийн ном зэрэг хүүхдийн сэтгэхүй, ой тогтоолт, ур чадварын номыг бага авдаг нь харагдлаа. Номын дэлгүүрүүдээр ихэвчлэн шинэ номнууд худалдаалагддаг юм байна. Хуучны ном огт харагдаагүй юм. Тиймээс хуучны хүүхдийн ном олохоор “Арслантай гүүр”-ний дэргэд байрлах номын худалдааны газар болон гадуур гар дээрээс худалдаалдаг хүмүүсийн номыг сонирхлоо. Хуучны зүйр цэцэн үг, оньсого, үлгэртэй ном огт алга. Эдгээр газруудад ерөнхий боловсролын сурагчдын хичээлийн сурах бичгүүдийг худалдан авч, буцаан зардаг юм байна.

“Арслантай гүүр”-ний дэргэд байрлах номын худалдааны газар.

Үүний дараа "Адмон принт" ХХК-ийн захирал Р.Энхбат ярилцлаа. Ер нь бизнес эрхлэгчид хамгийн сайн судлаачид байдаг. Хүүхдийн нас, сэтгэхүйд зориулсан номыг хэвлэн гаргахын тулд урт удаан судалгаа шинжилгээ хийсний дараа худалдаанд гаргадаг гэж ойлгодог юм. Ингэж гэмээнэ бизнес нь ашигтай болно. Мөн хэрэглэгчдийн таашаалд хүрдэг учиртай.


“Бид хүүхдийн номоо хэвлэж чаддаггүй. Учир нь…”

-Хүүхдэд зориулсан ном бүрийг “Хүүхдийн ном” гэж нэрлэж болох уу? Сүүлийн үед хүүхдийн гэсэн тодотголтой ном, комиксыг олноор хэвлэж байна. Зарим нь хүүхдийн ном хэтэрхий бүдүүлэг үг хэллэгтэй байх юм. 

-Мэдээж хүүхдийн ном хүүхдүүдэд зориулсан байна. Хүмүүс ном хийчихээд түүнийгээ хүүхдэд зориулсан ном гэж нэрлэдэг. Тэгвэл ямар хүүхдэд зориулсан юм бэ? Хэдэн настай хүүхдэд зориулсан юм бэ гэж асуухаар мэддэггүй. За тэгвэл наадах чинь хэрэггүй ном байна аа гэдэг. Хэзээ ч бүх насны хүүхдэд зориулсан ном гэж байдаггүй. Үүнтэй адил ном хүүхдийн нас бүрийн онцлогт өөр өөр байх ёстой. Үүгээрээ л хүүхдийн ном маш их онцлогтой. Харин насанд хүрэгчдийн ном байж болно шүү дээ. Ийм төрлийн номыг хөгшин хүн ч уншиж болно. 30 настай хүмүүс ч уншиж болно.

Харин нэг ойтой хүүхдэд зориулсан номыг зургаан настай хүүхэд сонирхохгүй шүү дээ. 

-Монголчууд хүүхдийн нас бүрийн онцлогт нь тааруулан хэвлэж чадаж байгаа юу? 

-Манай монголчууд хүүхдийнхээ харагдаж байгаа байдалд анхаарлаа хандуулдаг. Миний хүүхэд өлсчих вий, даарчих вий, хувцас хунар шороо тоос болчих вий, өвчин тусчих вий гэх мэтчилэн гадаад байдалд анхаардаг. Өлсгөхгүй, дааруулахгүй, өвчин тусгахын байлгахын төлөө боломжийнхоо хэрээр санаа тавьдаг. Үүнийгээ монголчууд сайн хийдэг. Наад захын жишээ дурдахад, орой цэцэрлэгээс нь хүүхдээ аваад хамгийн түрүүнд “Миний хүү өнөөдөр цэцэрлэг дээр чинь ямар хоол өгөв. Хүүхэдтэй муудалцав уу. Багш нь зодсон уу” гэдгийг л ихэвчлэн асуудаг. Энэ бол нүдэнд харагдаж, гарт баригдаж байдаг зүйл.

Гэтэл хүүхдээ юу сурч мэдсэнийг дараа нь тавих жишээтэй. Тэр хүүхдийн хичээлийн агуулгад юу орж байгааг тоохгүй. Өөрөөр хэлбэл, нүдэнд харагдахгүй, гарт баригддаггүй зүйлийг монголчууд анзаардаггүй. Анги дээрээ аятайхан байна уу гэдгийг сонирхохоос биш юу үзэж, юу мэдэв гэдгийг нь ойшоодоггүй. Тийм учраас хүүхдийнхээ сурлага, мэдлэг боловсрол бүгдийг нь сургууль, цэцэрлэгт нь даатгаад орхичихдог. Ингэж анзаарахгүй байгаагаас үүдэн хүүхдийг хүн болгодог, байгалиас, араатан амьтдаас ялгадаг хүчин зүйлсэд ач холбогдол өгдөггүй байна. Тэгвэл ном нь хүүхдийг хүн болгохын эхлэл юм.

“Бид нар хүүхдийнхээ номыг хийж чадаж байна уу” гэж асуулаа. Харамсалтай нь, чадахгүй байна. Хүсэхгүй байна. Яагаад хүсэхгүй байгаа юм бэ гэвэл хүмүүс миний хүүхдэд ямар ном хэрэгтэй байгааг мэдэхгүй байна. Хэрвээ мэдэх юм бол хүснэ. Хүүхдийнхээ цэцэрлэг, сургууль дээр юу үзэх ёстой мэдэхгүй, ойлгохгүй байгаа цагт яаж сайн ном хэвлэх билээ дээ. Тэгэхээр өнөөдөр эцэг эхчүүд хүүхдүүддээ өмсч зүүхээс илүүтэй хүн болгон төлөвшүүлдэг боловсрол, мэдлэгт анхаарлаа хандуулах ёстой.

-Бүх насны хүүхдэд зориулсан ном байдаггүй гэлээ. Тэгтэл гадуур бүх хүүхдэд зориулав гээд ном, комикс зөндөө байдаг шүү дээ.

-Монголчууд хүүхдүүддээ зориулан олон ном, комикс хийж байна. Энэ бол маш сайн зүйл. Бид нар хүүхдээ дандаа хөөрхнөөр нь хардаг. Хүүхдийнхээ нүд рүү хараарай. Нүд нь ариун тунгалаг, маш агуу. Хөгшин хүний нүд рүү хараарай. Аймшигтай.

Бид хүүхдээ дандаа хайрлах сэтгэлээр харж байдаг. Дуундаа хүртэл булбарай гартай, бумбагар хацартай, хөөрхөн нүүрээ угаана гэх мэтчилэн дуулдаг. Энэ бол том хүний хүүхдийг харж байгаа байдал болохоос хүүхдийнх биш. Тэгвэл хүүхдүүд өөрийнхөө гарыг булбарай гэж боддоггүй. Бүхий л зүйлсийг байгаагаар нь хүлээн авдаг. Тэгээд номоо хийхдээ хамгийн гоёор дүрсэлдэг. Баруун европийн хүүхдийн сонин, номыг үзэхэд зураг тийм гоё биш. Тухайн номонд юу үгүйлж байна түүнийгээ л зурсан байдаг. Манай улсын комикс, номнууд маш хөөрхөн зурагтай. Зураг хөөрхөндөө биш юу үгүйлж байгаа нь чухал. Харин манайхан түүнийгээ ойлгохгүй зураад байдаг байхгүй юу. Тэгэхээр бид хүүхдийн насны онцлогт комикс, ном хийж сурах зайлшгүй шаардлагатай болж байгаа юм.

Ингээд бидний яриа өндөрлөлөө. Хэрвээ та хүүхэддээ ном худалдан авахаар яах байсан вэ? Дөрвөн настай хүүдээ нэлийсэн их бичигтэй үлгэрийн ном авах байсан уу? Эсвэл зургаар илэрхийлсэн үлгэрийг нь сонгох байсан уу? Үлгэрийн номыг үлгэрийн ном гэдэг утгаар нь биш. Харин хүүхдийнхээ нас, сэтгэхүйд тааруулан сонгох ёстой юм байна гэдгийг ойлгож авснаа сурвалжлагынхаа төгсгөлд хэлье. 

"Интер" номын их дэлгүүрийн хүүхдийн номын тасаг.
Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж