Судалгаагаар БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн хурдац буурч, хөгжингүй орнуудын эдийн засаг сэргэж байгаа учраас Азийн хөгжиж буй орнуудын эдийн засаг энэ жилдээ тогтвортой байхыг онцолсон байна. Тодруулбал, АХБ-ны жил тутмын голлох хэвлэл болох “Азийн хөгжлийн төлөв 2014” тайланд Азийн хөгжиж буй орнуудын ДНБ-ний өсөлт энэ онд 6.2 хувь, 2015 онд 6.4 хувьтай байхыг дурджээ. Дэлхийн улс орнуудаас голлох аж үйлдвэржсэн орнуудын эдийн засгийн сэргэлт улам бүр эрчимжиж байгааг өнөөдөр болсон хурлын үеэр АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Ахлах эдийн засагч Ян Хансэн хэлсэн юм.
Олон улсын эдийн засгийн эрсдэл харьцангуй намжаад байгаа ч анхаарах хэд хэдэн зүйл бий ажээ.
Нэгдүгээрт, БНХАУ-д зээл олголтыг хязгаарлах зорилготой бөгөөд хэрэв маш огцом арга хэмжээ авбал эдийн засгийн өсөлт нь эрчимтэй унахыг анхаарууллаа. Энэ нь худалдааны түшнлэлтэй орнууд, ялангуяа Монголд хүчтэй нөлөөлж болох ажээ.
Хоёрдугаарт, голлох аж үйлдвэржсэн орнуудын эдийн засгийн сэргэлтийн талаарх мэдээлэл алаг цоог байгаагаас үүдэн Азийн бараа, бүтээгдэхүүний эрэлт, тэдгээр орнуудад хүлээсэн хэмжээнд хүрэхгүй байх магадлалтай юм байна.
Гуравдугаарт, АНУ-ын мөнгөний бодлогод орох өөрчлөлтөөс үүдэн дэлхийн санхүүгийн зах зээлд дахин цочрол үүсч болзошгүйг АХБ-наас анхаарууллаа.
Монгол Улсын хувьд, “Оюутолгой” төслийн зэсийн баяжмалын үйлдвэрлэл 2013 онд эхэлсэнтэй холбоотойгоор эдийн засгийн өсөлт энэ жил 9.5 хувь хүрч, 2015 онд 10 хувь болно гэж таамаглаж байгаа ажээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт хурдацтай буурч, нүүрсний экспорт унаж буй энэ үед төсөв, мөнгөний тэлэх бодлого хүчтэй явуулсан нь төлбөрийн тэнцлийн дарамт гарч байгааг өнөөдөр болсон хурлын үеэр онцоллоо. Мөн төгрөгийн сулралын нөлөөгөөр урсгал урсгал дансны алдагдал тогтворжсон ажээ. Тиймээс төлбөр тэнцлийн дарамтаас гарах, төгрөгийн ханшийг тогтворжуулах, инфляцийг хазаарлахын тулд эдийн засаг, мөнгөний бодлогыг чангалахгүй бол Монголын эдийн засаг улам эмзэг болохыг анхаарууллаа.