&#34Хүүхдүүдээ хазуулсныг хараад шоконд орсон&#34

Хуучирсан мэдээ: 2014.04.02-нд нийтлэгдсэн

&#34Хүүхдүүдээ хазуулсныг хараад шоконд орсон&#34

Мэдээллийн вэб сайтууд, олон нийтийн сүлжээгээр бага насны хүүхдүүдийг төрсөн эцэг нь хазаж, тамлан зовоосон тухай сэтгэл сэртхийлгэм мэдээ цацагдсан. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм. Хүүхдүүдийн ээж Т.Туяатай ярилцлаа.

-Хэрэг гараад нэлээд хэдэн хоног өнгөрлөө. Хүүхдүүдийн бие ямар байна?

-Миний хүүхдүүдийн бие олны хүчинд дээрдэж байна. Хүүхэд болохоор амархан тэнхэрнэ ээ гэж олон хүн дэм өгч, монгол хүний амны билэгээр болж байна даа.

-Эцэгтээ тамлуулсан хүүхдүүдийн зургийг үзсэн хүн бүр жигшин зэвүүцэж байна. Эрүүл ухаантай хүнээс ийм үйлдэл гарна гэдэгт эргэлзмээр? Эцэг  нь согтуу байсан хэрэг үү?

-Тийм ээ. Бид хоёр амьдраад арван гурван жил болж байна. Гурван хүүхэдтэй. Амьдралыг сайхан болно, ирээдүйд гэр бүлээрээ сайхан амьдарна гэсэн итгэлээр өнөөдрийг хүртэл амьдарч түүнийг уучилж, тэвчсээр ирсэн. Байнга архи уудаг байсан болохоор сүүлдээ эрүүл өдрийн тоо нь ховордсон. Би өнгөрсөн үеийн амьдралдаа бишгүй л зовлон үзсэн. Гэхдээ нөхрөө арай ч ийм аймшигтай яргалал явуулна гэж төсөөлж байгаагүй. Угаасаа төсөөлөөгүй болохоороо аавтай нь хоёр багыгаа орхиод ажилдаа явсан. Ухаанаа алдталаа согтоогүй байсан болохоор урдынх шигээ гэртээ ирэхэд зүгээр л байж байна гэж бодоод л том хүүтэйгээ өглөө гарч явсан.

-Зарим таныг яагаад архи уусан хүнтэй хүүхдээ үлдээгээд явсан юм бэ гэж бодож байгаа байх л даа?

-Тэгэх байхаа. Бидний амьдралыг мэдэхгүй хүн ойлгохгүй. Тэр бол бидний жирийн л өдрийн амьдралын дүр зураг. Аав нь байнга архи уудаг болохоор хүүхдүүдээ дандаа дагуулаад явна гэх боломжгүй. Хүүхдүүдээ орхиж гарах зайлшгүй шаардлагатай үед аавд нь үлдээгээд гардаг байсан. Нөхрийнхөө зөвшөөрлийг аваад  би дээд сургуульд суралцахаар болсон юм. Тэгээд тэр орой хичээл тараад ирэхэд хоёр хүүхэд минь нүд хальтрам болчихсон манай дүүтэй хамт байсан. Харин  аавыг нь эрүүлжүүлэх рүү аваад явсан байсан.

-Урьд нь хүүхдүүддээ болон таньд иймэрхүү хандлага гаргаж байсан уу?

-Байнга гэж хэлэхэд болох байх аа. Одоо өнгөрснөө эргэцүүлэхэд уучлал хэтэрнэ гэж байдаг юм байна. Тэвчээрт ч бас хязгаар байх хэрэгтэй юм гэдгийг л ойлголоо. Болохгүй байгаа зүйлээ тэр дор нь засч янзалдаг шиг гэр бүлийн харилцаа, гэр бүлийн амьдралд ч бас хүчирхийлэл байвал тэр дор нь тасдах хэрэгтэй юм байна. Тэгэхгүй, за маргааш сайхан болно гэж явсаар, уг нь миний хань ийм хүн биш гэж итгэсээр эцэст нь ямар ч үр дагаварт хүргэж болдог юм байна. Зарим нэг мэдээллээр урьд нь зүгээр байдаг хүн гэнэт ийм араншин гаргаж гэх утгатай мэдээ гарч байгаа дуулсан. Гэхдээ ийм зүйл байхгүй л дээ. Хүчирхийлэл явсаар байгаад даамжирдаг, тэр нь юунд ч хүргэх боломжтой гэдгийг дахин дахин хэлмээр байна. Гэр бүлийн хүчирхийллийн хэргүүд дийлэнх нь байнгын дарамттай амьдарсаар л эцэст нь хүний аминд хүртэл хүрч дууссан байдаг. Харин миний хүүхдүүд амьд байгаад нь үнэхээр их баярлаж байна. Тэр өдрийн яргаллыг энэ хоёр жаахан амьтад яаж тэвчсэн бол гэж бодохоос аймшигтай.

-Танай хүү хөгжлийн бэрхшээлтэй гэж сонссон?

-Тийм ээ. Миний дунд хүү оюуны талын бэрхшээлтэй. Одоо ес хүрч байгаа хөөрхөн хүү бий.

-Сургууль, цэцэрлэгт хамрагддаггүй юу?

Уг нь тусгай сургуулийн хоёрдугаар ангийн сурагч, гэхдээ хичээлийг нь гэрээр авч хийлгээд одоохондоо гэртээ байгаа. Бага охин минь цэцэрлэгт хамрагдаагүй гэртээ байдаг.

-Та ямар сургуульд сурдаг юм бэ? Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө ажилладаг гэж сонссон?

-Сургуульд сурах болсон минь ч энэ дагуу юм. Таван жилийн өмнө хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүд, олон жил хүүхдүүдтэй ажилласан хүмүүстэй нэгдэн төрийн бус байгууллага байгуулсан. Санаачилж эхлүүлсэн болохоор удирдах зөвлөлд нь ажилладаг. Энэ хугацаанд олон ч ажил хийж, хүүхдүүдэд маань хэрэгтэй байгаа зүйлийг Монголдоо бий болгохоор бид хамтран зүтгэж байна. Хүүхдээ, ялангуяа хэзээ ч эрүүл болохгүй үрээ хараад сууж байгаа ээжүүдийг нийгмийн амьдралд оролцуулах, ажилтай орлоготой байлгах үүднээс чихмэл тоглоом гэрээр хийж гурван жил болж байна. Энэ ажлаа өргөжүүлэх, олон ээжүүдэд хүрч орлогыг нэмэх үүднээс чихмэл тоглоомын үйлдвэрлэлийг бий болгох нэгэн зорилго урган гарч ирсэн юм. Тэгээд л энэ чиглэлээр суралцах шаардлагатай болж эчнээгээр сурч байнаа.

-Та өөрөө ийм хүүхэдтэй дээр нь олон хүмүүст тус болохыг хүсч явдаг нь харагдаж байна. Танай нөхөр хэр дэмждэг вэ? Миний бодлоор үүнийг эсэргүүцэх шалтгаанаар хүүхдүүдтэйгээ ингэж харьцсан байж болох уу?

-Манай нөхөр уг нь дэмждэг, тийм ч болохоор сургуульд суралцахад хүүхдүүдээ харж байхаар ярилцсан. Ганцхан бидний амьдралд ч биш олон ээж, олон хүүхдийн амьдралтай холбоотой гэдгийг нь сайн ойлгуулж хэлсэн л дээ.

-Нөхөр тань юу хийдэг байсан бэ, таныг сурч эхлэхээс өмнө?

-Ажил эрхэлж байгаагүй, гэрийхэн нь боломжийн амьдралтай болохоор бүхнийг өгдөг байсан. Байрны мөнгө, хоолны мах, тэгээд өөрийнх нь уух зүйлийн мөнгийг тэднээсээ авдаг байсан болохоор ажил хийх шаардлагагүй байсан болов уу. Би түүнд “Амьдралаа өөрсдөө авч явдаг больё, ямар ч хамаагүй ажил хий л дээ, хүүхдүүдээ бодоод болтугай цалинтай болвол зүгээр байна” гэж хэлж үзсэн. Бас авир зан нь дийлдэхгүй болохоор тусдаа аавындаа хэсэг хугацаанд байсан. Гэхдээ өөрчлөгдөнө гэж гуйж хоёр жил болсны дараа тэр амлалтанд нь итгэж эргэж нийлсэн нь өнөөдрийн байдлыг үүсгэлээ. Тэгж нийлэхдээ л ажилд орно гэсэн амлалт авч байлаа. Одоо гурван жил болсон байна. Яг янзандаа, хэвээрээ.

-Хэрэг гарсны дараа таньтай уулзахад сэтгэл нь тайван бус тогтворгүй, хэцүү байгаа нь анзаарагдаж байсан. Өнөөдөр арай дээрдсэн байнаа?

-Тэгэлгүй яахав. Хоёр хүүхдээ харахад ч хэцүү байсан. Дээр нь нөхрийн талынхан утсаар янз бүрээр дарамталж ах нь ална гэж сүрдүүлж байна. Төрсөн, эгч нь “Гэрээсээ гараад аавындаа оч, очих газаргүй бол хүүхдүүдээ асрамжинд өгөөд өөрөө тэнээд яв” гэх мэтээр утсаар ярьж, хүүхдүүдийг минь харах нь байтугай асуух ч үгүй байсан. Дээр нь энэ хэрэгт өмгөөлөгч ажиллуулахад доод тал нь сая төгрөгөөр ажиллана гээд л. Эм тарианаас авахуулаад асуудлууд гарсаар. Үнэхээр яахаа ч мэдэхгүй явж байлаа. Шууд халааснаасаа гаргаад өгч чадахгүй болохоор хэцүү юм билээ.

-Одоо ямархуу байна. Хүүхдүүдэд нь зориулж хандивын данс нээсэн байсан?

-Олны хүч оломгүй далай гэдэг үгний учрыг одоо л мэдэрч байна. Яахаа ч мэдэхгүй явж байхад минь намайг гэх найзуу, аав ээж, дүү нарын маань дэмжлэг хүүхдүүдийн минь тайвшрал болсон доо. Одоо хаана хандах вэ гэж явахад минь Лантуун дохио ТББ, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийнхөн үнэхээр их тус болсон. Ялангуяа Ч.Ганжавхландаа баярлалаа. Өөрөөсөө давж бусдыг бодно гэдэг эргээд амьдралд нь үр жимсийг өгөх болно оо гэж эдгээр хүмүүст хэлмээр байна. Үнэхээр их баярлалаа. Өнөөдөр миний хүүхдүүдийг өмгөөлж 2000 орчим хүн сэтгэгдлээ ирүүлсэн байна. Гуравдугаар сарын 24-нөөс өнөөдрийг хүртэл бидний дансанд 2 300 000 төгрөг цугларч өмгөөлөгчийн зардал болоод хүүхдүүдийн минь эмчилгээнд зориулагдаж байна. Ийм сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг, Монголдоо байгаадаа үнэхээр их баярлаж байна. Та бүхэн хүүхдүүдийг минь гээгүй бол бид хэд өнөөдөр яах байснаа ч мэдэхгүй байна. Муугаасаа сайн нь олон гэдгийг энэ өдрүүдэд мэдэрч байна даа. Ийм сайхан хүмүүсийн сэтгэлийн хариуд хүүхдүүдээ хурдхан тэнхрүүлж, сайн сайхан авч явахсан гэж бодогдож байна. Тэгээд ч надад хүч мэдрэгдэж, олон хүний дунд амьдарч байгаагаа ухаарах том нээлт байлаа. Би үнэхээр яаж баярласнаа ч хэлэх үг олдохгүй нь. Ч.Ганжавхланд “Талархснаа яаж илэрхийлэх вэ энэ хүмүүст” гэж хэлж байхдаа цээжинд минь баярын хур бууж байсан. Үнэхээр сайхан. Яахав одоогийн нөхцөл байдал минь хэцүү байгаа ч энэ хүмүүсийн сэтгэлийг бодохоор хүч орж байна даа. Төрийн байгууллага маань ч бид дөрвийг дэмжиж байгаа Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа эгч надтай уулзаж дэмжиж туслана гэдгээ хэлсэн, хорооны нийгмийн ажилтан, Засаг дарга, Нийслэлийн цагдаагийн газар гээд л бидний тойрч, хамгаалж байгаа олон хүмүүс байгаад баярлаж байна.

-Одоо та ямар бодолтой байна. Юу хийх вэ?

-Маш удаан бодсон. Энэ яргалалд би өртөөгүй, би яс махаараа тамлагдаагүй учраас ингэнэ тэгнэ гэж хүүхдүүдийнхээ өмнөөс шийдвэр гаргахгүй ээ. Харин Монголын хууль яаж үйлчилж хүүхдүүдийг минь хэрхэн хамгаалахыг харъя даа. Намайг яаж ч болно, би тэвчсээр ирсэн. Юугаа ч мэдэхгүй өөрийнхөө хүүхдүүдийг ингэж хэрцгийгээр тамласанд би үнэхээр гайхаж байна. Юу болохыг харж сууя даа. Бид дөрөв энэ гэрээсээ хөөгдөхөд очих газар байхгүй. Маргааш юу болохыг мэдэхгүй байгаа ч олон сайхан хүмүүсийн сэтгэл бидэнтэй хамт гэдгийг харсан болохоор бид айхгүй ээ.

Г.ЭНГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж