Хуучирсан мэдээ: 2014.04.02-нд нийтлэгдсэн

Барилгын ажил ид оволзохтой зэрэгцээд "амьд явах эрхээ хэрхэн баталгаажуулах вэ" гэсэн бодол толгойноос салахаа болилоо. Өглөө гэрээсээ эсэн мэнд гараад орой гэртээ амьд харих нь эргэлзээтэй болсон эрсдэлтэй хотод бид амьдарч байгаа болохоор тэр юм.

"Болж өгвөл баригдаж байгаа барилгын хажуугаар битгий яваарай" гэж хүүхдүүддээ зөвлөхөөс өөрөөр Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж чадахгүйд хүрсэн шүү дээ. Үнэндээ бидний амьд явах эрхийнг төр баталгаажуулна гэсэн болохоос Э.Бат-Үүл  эсвэл УИХ, Засгийн газар, мэргэжлийн хяналтынхан баталгаажуулна гэсэн тодорхой заалт байхгүй болохоор ямар нэгэн эрсдэлд орлоо гэхэд хариуцлага нэхэх газаргүй, хариуцлага хүлээдэг ч хүнгүй өнгөрдөг. Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажиллагааг зөрчсөн гээд ямар ч эрх мэдэлгүй хар ажилчинг шийтгээд өнгөрдөг гаж тогтолцоотой нийгэмд амьдарч байгаа болохоор амь, амиа бодсон өлзийтэй болж.  Гэхдээ замын нөгөө талд баригдаж байгаа барилгаас эсрэг талд яваа хэн нэгний дээр уртаас урт төмөр унахгүй гэсэн баталгаа байхгүй шүү дээ. Монголчууд хэнэггүй, дээр нь дүрэм, журам биелүүлдэггүй, мөнгө байхад бүгдийг худалдаад авчихна гэсэн сэтгэхүйтэй болохоор хэн нэгний дээрээс юу ч унаж мэднэ. Бүхэл бүтэн байшин нураад ойчиж магадгүй. Ийм аюултай хотод амьдарч байгаагаа цаг ямагт санаж явахад гэмгүй. Болгоомжлол хэзээ ч илүүддэггүй шүү дээ.

Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо, “Гэсэр” сүмийн уулзварын зүүн талд баригдаж байгаа "Max Tower" компанийн барилгын 20 давхраас төмөр унаж, хүний амь нас эрсэдсэн аймшигт хэрэг гарсаныг санаж байгаа байх. Замын гуравдугаар эгнээгээр явж байсан машин дээрээс төмөр унана гэдэг барилгынхан хөдөлмөр хамгаалалын аюулгүй байдлыг хэрхэн хангадгийн тод жишээ бус уу.  

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өгсөн мэдээгээр сүүлийн  гурван жилд үйлдвэрлэлийн ослоор 213 хүн амиа алджээ. Эдгээрийн ихэнх нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахиагүйгээс болсон гэнэ. 

Хөдөлмөр хамгаалал гэдэг нь барьж байгаа барилгаа хашаалаад бусдыг нь зөрчинө гэсэн үг биш. Тэнд ажиллаж байгаа ажилчид нь хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлын наад захын ойлголттой байх ёстой. Харамсалтай нь ажилчдынхаа аюулгүй ажиллагааг хангаж чаддаг компаниуд цөөхөн. Ихэнх нь наад захын дүрэм зөрчөөд явж байгааг мэргэжлийн хяналтынхан хэлдэг. Харамсалтай нь, хяналт тавьж байгаа хүмүүс нь ч ажилдаа хариуцлагагүй, сэтгэлгүй ханддагаас болж хүний амь эрсдэх нь цөөнгүй.  Үүний нэг жишээ бол  2012 оны намар барилга дээрээс нурж ойчсон төмөрт цохиулан хорь ч хүрээгүй залуу  зуурдаар амиа алдсан юм. Харамсалтай түүнийг үхэлд хүргэсэн гол буруутнууд ямар гэм зэмгүй өнгөрсөн билээ.  

Баримт нэг

2012 оны есдүгээр сард хичээлээ тараад ээж, дүүтэйгээ явж байсан Б.Есүгэн охин барилгын компанийн хариуцлагагүй үйлдлээс  болж амь насаа алдсан. Зуурмаг шахагч кран нурж түүнийг үхэлд хүргэсэн ч шүүхээс гүйцэтгэгч компанийн хоёр ажилтанд хариуцлага хүлээлгээд өнгөрсөн билээ.

Баримт хоёр

-2013 оны дөрөвдүгээр сард Баянгол дүүргийн I хороонд баригдаж байсан барилга дээрээс төмөр унаж нэг настай хүүхдийг гэмтээсэн хэрэг гарсан байна. “Их Модунь” барилгын компанийн захиалгаар баригдаж байсан “JB TOWN” барилгаас 0.5 см голчтой, 60 см урттай төмөр 1.6 настай А-гийн дээрээс унаж хүнд гэмтээжээ. Энэ хэрэг яаж шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй.

Баримт гурав

-Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо, “Гэсэр” сүмийн уулзварын зүүн талд баригдаж байгаа "Max Tower" компанийн барилгын 20 давхраас төмөр унаж, хүний амь нас эрсэдсэн.

Баримт дөрөв

-2013 оны наймдугаар сард Хан-Уул дүүргийн XI хороонд баригдаж буй барилга дээрээс төмөр унаж барилга дээр туслах ажилтнаар ажиллаж байсан Н-ийг хүнд гэмтээсэн хэрэг гарсан. Энэ хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй.

Энэ мэтээр хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангаагүйн улмаас бэртэж гэмтсэн, амиа насаа алдсан хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдсээр. Аюултай хотод амьд явах эрхийг ингэхэд хэн бүрдүүлэх ёстой вэ. Тэр төр нь хаана байна.

 Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж