Кенид гар утасны дугаарыг бүртгэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.06.23-нд нийтлэгдсэн

Кенид гар утасны дугаарыг бүртгэж эхэллээ

Африк тивийн Кени улс гэмт хэргийн тоог багасгах зорилгоор гар утасны бүх дугаарыг албан ёсны бүртгэлд хамруулах ажлыг эхлүүлсэн талаар BBC мэдээлж байна. Гар утас хэрэглэдэг хүн бүр иргэний үнэмлэх болон оршин суугаа газрын хаягийн тодорхойлолттой ирж дугаараа бүртгүүлэх ёстой гэнэ. Шинэ дугаар авч байгаа хүмүүст ч энэ шаардлага хамааралтай юм. Тус улсын Засгийн газрын мэдэгдсэнээр гар утасны эзэнгүй өөрөөр хэлбэл бүртгэлгүй дугааруудыг долдугаар сарын сүүлчээр ашиглалтаас гаргах гэнэ.

Кенийн нийслэл Найроби хотод ажиллаж буй BBC-гийн сурвалжлагчийн мэдээлснээр улсын ард иргэд энэ алхмыг ихээхэн дэмжиж байгаа бөгөөд гэмт хэрэг бага ч болов багасч, амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд эергээр нөлөөлнө хэмээн үзэж байгаа ажээ.

Тус улсад дээрмийн бүлгүүд цөөнгүй байдаг бөгөөд тэд бүртгэлгүй дугаараас айлган сүрдүүлсэн, заналхийлсэн мессеж бичиж, залгаж, мөнгө нэхэх тохиолдол цөөнгүй гардаг байна. Түүнчлэн бусдын данснаас мөнгө хулгайлах, терроризм, хар тамхи, мансууруулах бодисны наймаа, мөнгө угаах зэрэг гэмт хэрэгт бүртгэлгүй гар утсыг ихээр ашигладаг ажээ.

Кенид хүн амын тал орчим хувь нь буюу 20 сая гаруй гар утас хэрэглэгч байдаг бөгөөд мобайл банкны үйлчилгээ өргөн нэвтэрсэн байдаг гэнэ. Түүнчлэн африкчуудын 97-99 хувь нь урьдчилсан төлбөрт үйлчилгээг сонгодог байна.

Гэхдээ зарим шинжээчдийн үзэж буйгаар Африкийн орны иргэдийн гар утсыг бүртгэлд хамруулна гэдэг нэг талаар бүтэшгүй зүйл байж болох гэнэ. Учир нь тэдний дийлэнх нь оршин суух албан ёсны тодорхой хаяггүй байдагтай холбоотой аж.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж