-Ийнхүү хэлэлцүүлэг зохион байгуулах нь ямар үр нөлөөтэй вэ?
Эдийн засгийн хүндрэл бэрхшээл нь иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар судлаачид, төрийн бус байгууллага, иргэний нийгмийнхэн, иргэд, сонгогчдын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Ийм уулзалт хэлэлцүүлгийг бид өмнө нь олон удаа зохион байгуулсан. 2013 оны төсвийг хэлэлцэхээс эхлээд “эдийн засаг хүндэрч байгаа тухай, эдийн засгийн ямар бодлогоор удирдах вэ” гэж эрх баригч намынханд байнга сануулж байсан. Эдийн засаг хүнд байдалд орсныг маш олон тоо баримт, судалгаа нотолж байна. 99603 аж ахуй нэгж 2013 онд үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдрийн байдлаар 44 хувь нь үйл ажиллагаагаа явуулж чадахгүй орон тоогоо цомхотгож, ажлын байраа хаажээ. Эдийн засгийн хүндрэл жижиг аж ахуй нэгжүүд, өөрийнхөө амьдралыг авч явж байдаг тэдгээр бизнес, худалдаа наймаа эрхлэгчдэд хүндээр тусч байна.
Нөгөөтэйгүүр гадаадын хөрөнгө оруулалт 54 хувиар буурлаа. 2013 оны төсвийг хэлэлцэж байхад гадаадын хөрөнгө оруулалт 40 орчим хувиар гадагшилсан гэж яригдаж байсан. Өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалт 54 хувиар цаашилж байна гэдэг нь хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох гэж, гадны хөрөнгө оруулагчдыг татах зорилготой УИХ-аас авсан арга хэмжээ үр дүнгүй болсныг нь харуулж байна.
Эрх баригчдын явуулж буй бодлого иргэдийн амьдралд эерэгээр нөлөөлж чадахгүй байна. Доллар өссөөр л, худалдан авалт муудсаар, төгрөгийн ханш суларсаар, долларын нөөц хомсдсоор, монголд орж ирдэг байсан долларын урсгал хумигдсаар байна. Иймд эдийн засгаа ийм байдалд хүргэтэл нь үйл ажиллагаа явуулсан засгийн газартай хариуцлага ярих ёстой гэж бидний зүгээс үзэж байна. Иймд энэ асуудлыг УИХ-ын ээлжит чуулган эхлэх үеэр ярих байх гэж бодож байна.
-Засгийн газартай хариуцлага ярина гэдгээ тодруулбал?
-Ерөнхийлөгчийн зүгээс Том төрөөс ухаалаг төр санаачлагийг гаргасан. Мөн хариуцлагыг эзэнтэй ярих хэрэгтэй гэсэн. Тэгэхээр эдийн засгийг ийм байдалд оруулсан эзэдтэй асуудал яриач гэж байна. Хэрэв бидний тавьсан асуудалд олонхиороо түрий барьж хандах юм бол ард түмэн дүнгээ тавих байлгүй дээ.
-Эдийн засаг хүндэрсэн гэж ойлгох уу, хямарсан гэж ойлгох уу?
-Хүндэрсэн ч байна, хямарсан ч байна. Үүнээс гарах арга зам, бодлогыг УИХ-д оруулан батлуулж хийх ёстой байсан. Ингээгүй нь эдийн засгийг улам дордуулсан.